Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Алтайн хязгаарт төрсөн, АК-47 бууны зохион бүтээгчийн хөшөө Москвад бослоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Москва хотын төвд АК-47 бууны зохион бүтээгч Михайл Калашниковт зориулсан хөшөө бослоо. Нээлтийн ажиллагаанд дээд албаны хүмүүсээс гадна Оросын үнэн алдартны шашны санваартнууд оролцжээ.

2013 онд 94 насандаа таалал төгссөн зохион бүтээгч амьдралынхаа сүүлийн жилүүдэд АК-47 бууны суманд амиа алдсан хүмүүсийн үхлийн буруутан өөрийгөө мөн эсэхэд эргэлзэж, сүм хийдийн тэргүүнд захидал бичиж байсан гэдэг.

Калашников 1919 онд Алтайн хязгаарын өмнөд нутагт тариачны гэр бүлд мэндэлсэн юм. Багаасаа тэр яруу найрагч болохыг мөрөөдөж, өссөн гэдэг.

Гэвч Дэлхийн хоёрдугаар дайн Калашниковын хувь заяаг эргүүлжээ. Цэрэгт дайчлагдсан тэр 1941 онд Брянскийн дэргэдэх тулаанд шархдсаныхаа дараа зэвсгийн туршилт хийж эхэлсэн байна. Калашников болон түүний нөхөд Зөвлөлтийн зэвсэг Германыхаас хол хоцорсныг мэдэрсэн юм.

АК-47 бол Германы Sturmgewehr 44 (StG 44) гэдэг хагас болон бүтэн автомат горимтой буунаас санаа авч бүтээгдсэн зэвсэг. Калашников энэхүү Герман буунаас гадна Америкийн M1 зэвсгээс зохион бүтээх санаагаа олсон гэдэг.

1947 онд бэлэн болсон зэвсгийг 1949 онд Зөвлөлтийн арми хэрэглэж эхэлсэн байна.

AK-47-гийн гол хүч чадал нь түүний энгийн бүтэц, бага эвдрэлтэй бөх бат хийц, хэрэглэхэд хялбар байдал юм. Бас үйлдвэрлэх зардал ч бага. Нэг ийм буу 40 жил ашиглагдсан тохиолдол ч бий.

Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа нийт гар зэвсгийн 20 хувийг АК-47 бүрдүүлдэг. Мозамбик улсын төрийн далбаа, Хезболлах бүлгийн далбаанд дүрслэгдсэн.

Дэлхий даяар 100 сая ийм буу хэрэглэгдэж байгаа гэдэг үзүүлэлтээрээ Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсны дараа AK-47-гийн эрэлт огцом нэмэгдэж, Америкчууд хүртэл Флоридад өөрийн хувилбарыг үйлдвэрлэх болсон байна.

Калашниковт зориулж хөшөө босгосон нь Путины үндсэрхэг үзлийн илрэл гэж барууныхан үзэж байна. Мөн Америкчуудын кино урлагт AK-47-г үргэлж террористууд, үймээн дэгдээгчдийн зэвсэг мэтээр харагдуулдаг тул энэхүү алдарт бүтээлийн нэр хүндийг өргөж, шинээр таниулах арга хэмжээ гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz