Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жагар: 60 тэрбум болон офшорчдын эсрэг жагсаал эхлүүлнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, оюутан залуус нэгдэж 60 тэрбумын гэх хэрэг болон офшорчдын эсрэг жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсаалд уриалсан 50,000 ширхэг уриалга тараана

ХТИХ-ний ерөнхий зохицуулагч Б.Жагар "Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн оюутан залуус нэгдэж төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн төрийн албыг наймаалцах, үнэлгээжүүлэх ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын асуудал хийгээд офшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтэнгүүдэд хариуцлага тооцуулах хүсэлтэй эсэргүүцлийн жагсаалыг есдүгээр сарын 23-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд эхлүүлнэ.

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө, эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсаалд нэгдэхийг уриалсан 50,000 ширхэг уриалга тарааж байгаа. 

Монголын төр мафижсан, хууль хяналтын байгууллага нь улстөр бизнесийн бүлэглэлийн захиалгаар ажилладаг тэдний гар хөл болсон энэ цаг үед оюутан залуус, иргэд нэгдэж эх орон газар нутаг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхийг уриалж байна.

Монголын улс төр олон намын бүлэглэлд хуваагдсан. Төр барьж байгаа хүмүүсийн өмнөөс шударга ярьсан нэгнийг хуулиар шийтгэдэг, хэрэг наадаг. Энэ тогтолцоогоо хүлээн зөвшөөрөх аястай болчихлоо. Нэг үе улс орныг эдийн засгаар нь хэмждэг байсан бол одоо хүн амын хөгжлөөр нь хэмждэг цаг үе ирлээ" гэлээ. 

Офшорчид төрийн албан тушаалаа өгөх ёстой

 
Гэрэл зургийг mpa.mn

МНБИНХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр "Монголын ард түмнийг офшорчид хэлмэгдүүлж байна. Яагаад гэхээр тэр офшор дансанд нуусан мөнгө манай зах зээлд эргэлдэж байсан бол одоо нийгмийн амьдрал ийм ядуу дорой байхгүй.

Энэ мөнгө бол Монголын ард түмний мөнгө. Монголын уул уурхай газрын баялгийн хөрөнгө. 17 тэрбум ам.долларыг Монголдоо оруулж ирвэл эдийн засгийн хүндрэлээс бид бүрэн гарна. Гадаадын өр зээлээ дарна.

Одоо мөнгөө оруулж ирэхгүй бол  тэдэнтэй хариуцлага тооцоно. Офшорчид төрийн албан тушаалаа өгөх ёстойг Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо болон Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд оюутан залуус, иргэд олигархи бизнесийн улс төрийн бүлэглэлд сануулж байна.

Үндсэн хуульд эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашгийн үүднээс өөрчлөлт оруулах гэж байна. 60 тэрбумын тодотголтой УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй.

Эсэргүүцлийн жагсаалаа бид цааш нь үр дүнтэй тэмцэл болгоно. Багш, эмч нар тус тусдаа жагсахаа болъё. Бүгдээрээ нэгдэж нэгдсэн үр дүнд хүрцгээе" гэв.