Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

З.Цолмон: Сургуулийн орчинд хориглох хүнсний жагсаалтыг гаргасан ч хэрэгжилт нь жигдрээгүй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд нас болон өсвөр насандаа эрүүл хооллох нь олон төрлийн эмгэгүүдээс урьдчилан сэргийлдэг байна. Учир нь ихэнх архаг өвчний үндэс суурь хүүхэд насанд тавигддагыг судлаачид тогтоожээ.

Сургууль, гэр, цэцэрлэг, зэрэг хүүхдийн өдөр тутмын амьдрах орчин нь тэдний хооллолтын байдалд ихээр нөлөөлдөг. Ялангуяа, сургуулийн орчин нь хүүхдүүдийн одоогийн болон цаашдын эрүүл мэнд, амьдралын хэв маягт том нөлөөг үзүүлдэг.

Сурагчид өдрийн ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрүүлдэг учраас сургууль дээрээ байхдаа идсэн хоол, хүнсний илчлэг тэжээллэг чанараас тэдний хоол хүнсний хэрэглээ ихээхэн шалтгаална.

Тиймээс Нийгмийн Үндэсний Эрүүл мэндийн үндэсний төвөөс 2015 онд сургуулийн орчинд зарагддаг хоол хүнсний чанар, аюулгүй байдалд судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүн болон сурагчдын эрүүл хооллолтын талаар Нийгмийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмонтой ярилцлаа.

З.Цолмон: Хүүхдийн зөв зохистой хооллолтод эцэг эхчүүд маш их үүрэгтэй
 

- Хүүхдийн зөв зохистой хооллолт ямар байх ёстой вэ?

- Хүүхдийн зөв зохистой хооллолтод эцэг эхчүүд маш их үүрэгтэй. Хоол хүнсийг нь сонгохдоо аль болох амин дэмтэй, чанартай, баталгаатай, үйлдвэрийн бүтээгдэхүүн авч хэрэглэж байх хэрэгтэй. Мөн өглөө, өдөр, оройн хоолыг нь зохицуулж өгөх үүрэгтэй.

- Пирожкиг тогтмол хэрэглэх нь сурагчдад ямар хортой вэ?

- Пирожки нь нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болдог. Пирожкиг шарахдаа их хэмжээний ургамлын тосонд хийдэг. Улмаар тосны чанар муудаж транс тос болон хувирдаг. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм. Мөн пирожки, мантуун бууз гэх мэт ширхгийн хоолнуудыг хийчхээд халуун баригчид 2 цаг л хадгалаад худалдаалж дуусгах ёстой байдаг. Гэтэл манайд тэгэхгүй байна.

- Сахарын агууламж ихтэй ундаа, шүүс, нарийн боов, печень чихрийг сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон эрүүл мэндийн сайдын тушаал 2013 онд гарсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл сурагчид хамгийн их худалдан авсаар байна. Эдгээр нь хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

- Сургуулийн орчин нь хүүхдүүдийн эрүүл мэндийн зан үйл болон цаашид бүх л амьдралынх нь туршид баримтлах амьдралын хэв маягт нөлөөлдөг учраас сургуульд эрүүл хооллох орчин бүрдүүлэх, хүүхдүүдийг эрүүл хооллох дадалтай болгоход сургуулийн захиргаа, баг, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал юм.

Ийм ч учраас Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 дугаар тушаалын 3-р хавсралтаар Тусгай хоолны дэглэмтэй хүн, цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. 

Чихэр, давс, тос ихтэй хоол хүнсийг эрүүл бус хоол хүнс гэдэг. Эдгээр эрүүл бус хоол хүнсийг тогтмол хэрэглэснээр ямар ч шим тэжээлгүй, маш их хэмжээний шаардлагагүй илчлэг авснаар таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, даралт ихдэх цаашлаад хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. 

- Дэлхийн улс орнууд сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдлыг яаж шийдсэн байдаг юм бол?

- Сурагчид өдрийн ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрүүлдэг тул сургууль дээрээ байхдаа хэрэглэсэн хүнсний тэжээллэг чанараас тэдний хүнсний хэрэглээний чанар шалтгаалдаг. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохистой хооллолтын зөвлөмжтэй нийцэхгүй хоол хүнсийг сургуулийн эргэн тойронд худалдах, сурталчлахыг хязгаарлахыг зөвлөдөг.

Тухайлбал, Солонгос улс сургуулийн эргэн тойронд “Ногоон хоол хүнсний бүс” байхыг тунхаглаж, сургуулийн эргэн тойрон 200 метрт эрүүл бус хоол хүнс худалдаалах, сурталчлахыг хориглосон байдаг. 

-Та бүхэн судалгааны үр дүнгээ танилцуулаад хоёр жил болжээ. Үүнийг амьдралд хэрэгжүүлж, бодитой үр дүн гаргахад ямар асуудал тулгамдаж байна?

- Эрүүл мэндийн сайдын тушаалаар Тусгай хоолны дэглэмтэй хүн, цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан хэдий ч сургуулиудад хэрэгжилт нь жигдрээгүй байна. Зөвхөн энэхүү журмаар сургуулийн эргэн тойрны хоол хүнс үйлдвэрлэл, худалдааг зохицуулах боломжгүй.

Мөн сургууль болон сургуулийн эргэн тойрны 100-200 метрт эрүүл бус хоол хүнсний сурталчилгааг хязгаарлахгүй байгаа нь судалгааны үр дүнг хэрэгжүүлэхэд асуудал болж байна. 

-Эцэг эх, багш нарт өгөх зөвлөгөө?

- Энэхүү судалгааны үр дүнгээс үндэслээд хэд хэдэн зөвлөмжийг дэвшүүлсэн. Эцэг эхчүүд хүүхдүүддээ өглөөний цайг тогтмол өгч байх, өдрийн цагаар илчлэг, шим тэжээл сайтай хоолоор хооллох, нөхцөл бололцоог зохицуулах, сургууль дээрээ идэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнд нь анхаарал тавьж, мэдээлэл өгөх хэрэгтэй.

Судалгааны үр дүн

Судалгааг нийслэлийн 15 сургуулийн орчинд явуулсан бөгөөд бага, дунд, ахлах ангийн нийт 1,408 сурагч хамрагдсан байна. 

  1. Сурагчдын 98.4 хувь нь өдөр бүр сургууль болон сургуулийн эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ, хүнсний дэлгүүрүүдээс хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг.
  2. Сурагчдын хамгийн түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь ундаа, пирожки, зайрмаг, чихэр зэрэг үнэ хямд, шимт чанар муутай хоол хүнс юм.
  3. Сурагчид пирожкийг 7 хоногийн 3-4 өдөр хэрэглэдэг нь хүүхдүүдийн хамгийн их давтамжтай хэрэглэдэг бүтээгдэхүүн болж байгаа ба үнийн хувьд бусад хоолноос харьцангуй хямд байдаг.
  4. Охид өөрийн идэх дуртай бүтээгдэхүүнээ авах хандлагатай бол хөвгүүдийн сонголтод бэлэн мөнгөний хэмжээ, найз нөхөд илүү нөлөөлдөг. Бага бүлгийн буюу 12 хүртэлх насны сурагчдын сонголтод хүнсний зар сурталчилгаа болон эцэг эхийн зөвлөмж илүү нөлөөлж байна.
  5. Сурагчдын 17.8 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд хоол хүнс хэрэглээд хоолны хордлогоор өвчилсөн. Тэдний тал хувь нь пирожкиноос болж хордсон гэж хариулжээ. Өвчилсөн гурван сурагч тутмын нэг нь жилд хоёроос дээш удаа хордлогод өртсөн бөгөөд өвчилсөн сурагчдын 43.3 хувь нь эмчид хандаагүй байна .
  6. Сурагчдын дунд хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглах дадал 70.0 хувьтай ба тэд шошгон дээрээс ихэвчлэн хадгалах хугацааг хардаг.

Хоол хүнсний хадгалалт, аюулгүй байдлын баталгаажилт

Судалгаагаар түргэн гэмтэх хоол, хүнсний бүтээгдэхүүн болох

  • пирожки, ороомог (100%),
  • торт, кекс, напелеон торт (88.9%),
  • сүү, тараг (22.2%),
  • пицца, бургер, хотдог (15%)-ыг ил задгай нөхцөлд хадгалж байна. 

Энэ нь бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчиж, хоолны хордлого гарах нөхцөлийг бүрдүүлдэг аж. 

 

Сургуулийн орчинд зарахыг хориглосон хоол, хүнсний жагсаалттай ЭНД дарж танилцана уу.