Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2021, УИХ, Засгийн газрынх 2020 оноос хэрэгжинэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлаж үүнээс хойш дөрвөн удаа өөрчлөлт оруулж байсан. Одоогоор мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд хамгийн сүүлд 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 6 бүлэг, 70 зүйлтэй.

Харин энэ оны эхээр Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлагдсанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процесс ажил хэрэг болох эхлэл тавигдсан юм. 

Уг хуульд Үндсэн хуулийг өөрчлөхөд заавал ард нийтийн санал асуулга явуулна гэж тусгажээ. 

Үүний дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газраас 21 аймаг, 9 дүүрэгт 63 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж 4,705 төрийн албан хаагч, 12,797 иргэн оролцсон байна.

Нийт 239,600 санал ирснээс 139,600 санал хөдөөнөөс, харин хотын иргэд 110,000 санал ирүүлжээ. 

Одоогоор иргэдийн саналыг цахим архивт бүртгүүлэх ажил 40 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд эрдэм шинжилгээний Бага хурлаар хэлэлцэх юм.

Үүний дараа тус саналыг улс төрийн намуудын хүрээнд мөн хэлэлцүүлэх аж. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар ажлын хэсгийнхний байр суурийг сонслоо.

Иргэд төрийн албан тушаалтны хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатайг хэлж байна 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Ард түмний хүсэл эрмэлзэл, болохгүй байгаа асуудалд шүүмжлэлтэй хандсан байр суурийг нэгтгэх ажил хийгдэж байгаа. 

Нэг ч хүний саналыг орхигдуулахгүйгээр архивт оруулж, камерын хяналтан дор нэгтгэж байна. Санал асуулгыг 6 багц сэдвийн хүрээнд явуулж 7 дахь асуудлыг өөр бусад хувилбарыг тусгаж боломжийг олгосон. 

Иргэд юу хүсэж байна, юуг өөрчлөх шаардлагатай вэ гэдэг дээр үндэслээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шинэчлэн томъёолно. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Дээд шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн комисс зэрэг холбогдох бусад байгууллагууд бүгд оролцох хуультай. 

Иргэдийн олонхоороо дэмжиж байгаа саналтай уялдуулж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ. 

Үүний дараа эрдэмтэд, улс төрийн бүх намуудын төлөөлөлтэй хурал зөвлөгөөн семинар хийнэ. Эндээс гарсан нэгтгэл дээрээ ажиллана" гээд хэлэлцүүлгийн үеэр иргэд ямар асуудалд шүүмжлэлтэй хандсан талаар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол төрийн тогтолцоонд бугшаад байгаа алдаа завхрал, тогтолцооны гажуудлыг засахын төлөө хийгдэж байгаа ажил. 

Муу тогтолцоонд сайн хүн ч муу төрийн түшээ болдог, сайн тогтолцоонд муу хүн ч сайн төрийн түшээ болно гэсэн эртний сургааль бий. Тогтолцооны гажуудал иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж байна.

Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гурван эрх мэдлийг давхардуулан эдэлвэл эрх чөлөө ардчилал үгүй болно гэж Монтеско хэлсэн байдаг. 

Гэтэл манайд эдгээр эрх мэдлийг давхардуулан эдлэх гэсэн сонирхол хандлага шинж, чанарууд илрээд байгаа учраас иргэд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. 

Хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн иргэд төрийг төр шиг болгож, намыг нам шиг ажиллуулах, төрийн өндөр албан тушаалтны хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцлон авч үзэж байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт судалгаагүй, иргэдээс санал асуулгүй хийгдсэн. 

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хэрэгжүүлнэ" гэж тайлбарлалаа. 

Үндсэн хууль 25 жил үйлчилсэн учир өөрчлөх гэж байгаа юм биш

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Үндсэн хууль 25 жил үйлчилсэн учир нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. Гарцаагүй өөрчлөх шаардлага байгаа.

Ерөнхий зургаан багц сэдвийн хүрээнд олон асуудлыг хэлэлцүүлсэн. Яг одоогоор иргэдийн саналыг Үндсэн хуульд тусгагдахаар боллоо гэж хэлэхэд эрт байна. 

Хэлэлцүүлгийн дүнг ажлын хэсгийнхэн энэ сардаа багтааж гаргахаар ажиллаж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд орох магадлалтай иргэдийн олонхоороо дэмжиж байгаа санал бол Сум, багийн Засаг дарга нарыг томилох бус сонгодог байх,Баг, тосгон, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нар нь томилдог болох зэрэг байна" гэв. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дараагийн сонгуулиас эхэлж хэрэгжих талаар тус хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм. 

Нэмэлт өөрчлөлтөд орсон Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2021, УИХ, Засгийн газартай холбоотой заалт 2020 оноос хэрэгжинэ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд:

Ерөнхийлөгчтэй холбоотой заалт

  • Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэрийг гаргана. Гэхдээ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн болон УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд дээрх шийдвэрийг гаргах юм байна. 
  • Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна. 
  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна зэрэг өөрчлөлтүүд байгаа. 

Засгийн газар УИХ-тай холбоотой заалт

  • УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
  • УИХ-ын  ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.
  • Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь болон Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгээр Улсын Их Хурлын дарга түр хороо байгуулна гэх мэт заалтууд байгаа юм. 

Эдгээр санал нь Үндсэн хуульд тусгагдах магадлалтай өөрчлөлтүүд юм. Цаасаар болон цахимаар ирсэн саналыг нэгтгэн бүртгэх ажил дууссаны дараа улстөрийн намууд, эрдэм шинжилгээний бага хурал болон УИХ-аар хэлэлцсэний дараа Үндсэн хуульд орох өөрчлөлт тодорхой болно.