Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Coal Mongolia-2017” чуулганы ХАМГИЙН ХАМГИЙН

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт,  үзэсгэлэн есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрсөн билээ.

Чуулган нь хамгийн өндөр үнэтэй (2 сая төгрөг) хэрнээ мандат нь сар гаруйн өмнө зарагдаж дууссан, 3,000 орчим зочид төлөөлөгчид хурал, үзэсгэлэнд нь оролцсон зэргээрээ Уул уурхайн салбар дахь хамгийн эрэлттэй, хамгийн том арга хэмжээ болсон юм.

Ингээд “Coal Mongolia-2017” чуулганыг хамгийн хамгийнийг нэрлэж байна. 

Хамгийн их анхаарал татсан илтгэлүүд

Монголын уул уурхайн корпорацийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, Сингапурын “Тиан По Ресурс групп”-ын Ерөнхий захирал По Кай Пинг нарын илтгэл ихээхэн анхаарал татаж байлаа.

Г.Батцэнгэл “Энержи Ресурс” компани бондын өрийн бүтцээ амжилттай шинэчилсэн төдийгүй тус компанийн борлуулалт өмнөх оноос гурав дахин өсөж,  2017 оны эхний хагас жилийн байдлаар 320 гаруй сая ам долларын цэвэр ашигтай ажилласныг мэдээлсэн бол О.Одбаяр 6.6 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардагдах Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын төслүүдийг,  По Кай Пинг  хүрэн нүүрсийг хийжүүлэх мега төслийн ТЭЗҮ-ийг дуусган Эрчим хүчний яаманд хүлээлгэн өгч, тус төсөлд хөрөнгө оруулалт хийх санал тавьсан зэрэг сэдвээр илтгэсэн юм.

Тус илтгэлүүд "Coal Mongolia-2017" чуулганы оролцогчдын сонирхолыг  ихээхэн татаж байснаараа онцлогтой. Сонирхуулахад По Кай Пинг нь фэйсбүүкийн анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. 

Хамгийн шийдэгддэггүй асуудал

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын гацаа бол хамгийн шийдэгддэггүй асуудал. Нүүрс тээврийн хамгийн эрэлттэй чиглэл болох Таван Толгойгоос Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажил гацсанаар Монгол Улс сүүлийн 5 жилд 100 сая тонн нүүрс экспортлох буюу 10 тэрбум ам долларын борлуулалтын орлого олох боломжийг алдаад байна.

Төмөр замгүйгээс болж нүүрсний эрэлттэй үед машинууд 150 км хүртэл түгжрэх, авто тээврийн ослоор жил бүр олон арван жолооч амь насаа алдах, хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэрэг нэмэгдэх, гадаргын хөрс их хэмжээгээр эвдрэх, тоосжилтоос үүдсэн өвчлөлт зэрэг нийгмийн болон байгаль орчны олон тулгамдсан асуудлууд олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа юм

Хамгийн тэнэг шийдэл

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчилж Тавантолгойн нүүрсийг Владивостокоор 5,000 км тээвэрлэж зарах асуудлыг хөндсөн нь эдийн засгийн үр ашиггүй тул хамгийн тэнэг шийдлээр нэрлэгдэв. 

“Энержи Ресурс” компани 2011 онд 100 мянган тонн нүүрсийг Владивосток уруу туршилтаар тээвэрлэхэд зөвхөн тээврийн зардал нь 1 тонн нүүрс тутамд 171 ам доллар болж байжээ. Олборлолтын зардал болон хил, гаалийн хураамж, татварын зардлыг нэмбэл Владивостокт хүрэх Тавантолгойн нүүрс багадаа 250 ам долларын өртөгтэй болно. 

Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний спот үнэ 250 ам доллароос дээш гарсан тохиодол сүүлийн 10 жилд гурван удаа гарсан бөгөөд хугацааны хувьд 10-40 хоног үргэлжилээд буурч байжээ. Ихэнхдээ Австралид үер болох зэрэг байгалийн гамшгийн үед л үнэ ийнхүү өндөр өсөж байсан байна.

Хамгийн гэнэтийн үйл явдал

“Coal Mongolia-2017” чуулганыг хамтран зохион байгуулж, дэмжиж ажилласан хэдий ч чуулганы эхний өдөр Засгийн газар огцорсон тул Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд нар чуулганд оролцож чадаагүй явдал нь гэнэтийн үйл явдал боллоо.

Өмнөх зургаан жилийн чуулганд Ерөнхий сайдаас гадна салбарын сайд нар нь ирж хөрөнгө оруулалтын орчноо сурталчилдаг уламжлалтай байв.

Хамгийн ажил хэрэгч хэлэлцүүлэг 

 

Зам, тээврийн хөгжлийн яам анх удаа "Coal Mongolia" чуулгантай хамтран ажиллаж, тээврийн хэлэлцүүлэг зохион байгуулсан нь анхны тохиолдол байв. Хэдий Засгийн газар огцорсон ч гэлээ тус хэлэлцүүлгийг Зам, Тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ахлан зохион байгуулж, нүүрс тээврийн компаниуд, УБТЗ, Авто тээврийн үндэсний төв, Гашуун сухайт боомтын хил гаалийн удирдлагуудтай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь цаг үеэ олсон, ихээхэн анхаарал татсан үйл явдал болсон юм.

Хамгийн цочирдом тоо баримт

Өвөр Монголын Мэнчуан Вухуа Энержи компанийн ерөнхий захирал Жиа Жианжун “Монголын нүүрсний худалдааны төлөв байдал, сул тал ба боломжууд” сэдэвт илтгэлдээ Таван Толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн зардал нь Хятадын тээврийн зардлаас дөрөв дахин өндөр өртөгтэйн зэрэгцээ хамгийн бүтээмж муутай тээвэр ложистикийн шийдэлтэй гэсэн юм.

Тэрбээр “1тн.км-т ноогдох зардлаар бодоход  нүүрс тээврийн зардал Монголд 0.82 юань, Хятадад 0.2 юань байна” гэсэн нь манай улсын тээвэр, ложистикийн систем ямар бүдүүлэг болхи, өртөг өндөртэй байгааг харуулсан цочирдом тоо баримт байлаа.

Хамгийн ажил хэрэгч үзэсгэлэн гаргагч

Их Британийн Элчин сайдын  яам, "Хера экюпмент" ХХК, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Мера”, “Вагнер Ази”, CATD зэрэг компаниудын бүүт бусдаасаа эрс ялгарсан өнгө, дизайны шийдэлтэй, ажил хэрэгч байв. "Coal Mongolia-2017" чуулганы зүгээс шилдэг үзэсгэлэн гаргагчаар Их Британийн Элчин сайдын яамыг шалгаруулсан нь нүдээ олсон шагнал байлаа.

Хамгийн өрсөлдөөнтэй хэлэлцүүлэг

Чуулганы хоёр дахь өдрийн үдээс хойшх хуралдаан. БНХАУ-ын хоёр компани, БНСУ-ын нэг компани нүүрсний уурхайнуудад хуурай аргаар нүүрс баяжуулах техник, технологийн шийдэл танилцуулав. Өөр хоорондоо төстэй ч давуу, сул талаа харилцан нөхсөн технологийн шийдлүүд нь уурхайн захирлуудад ихээхэн өгөөжтэй танилцуулга болсон юм.

Хятадын Тангшан Шинзоу Мануфактуринг компанийн ерөнхий захирал Юн Кай Сиа болон Солонгосын Эрдэс баялаг, геологийн шинжлэх ухааны институт (KIGAM) –ын доктор Ким Буёонг Гонг нарын дунд мэтгэлцээн ширүүсч, барилцаж авах дээрээ тулсан нь технологийн компаниудын дунд өрсөлдөөн хэр ширүүн байсныг харуулна.