Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг цөмийн дайнаас аварсан Орос эр нас барсныг саяхан мэджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлт Холбоот Улсын үед армийн офицер байсан Станислав Петров 77 насандаа өнгөрсөн тавдугаар сарын 19-нд бие барсныг саяхан дэлхий нийтээр мэджээ.

Түүнийг цөмийн дайн дэгдэхээс дэлхий ертөнцийг аварсан хүн гэж үздэг юм.

Петровыг цөмийн довтолгооноос урьдчилан мэдээлэх төвд ажилладаг байхад 1983 оны есдүгээр сарын 26-ны өглөө компьютерууд АНУ-ын пуужингууд Москваг чиглэн ирж байна гэсэн хуурамч мэдээлэл өгчээ. Ердөө 20 минутын дотор шийдвэр гаргах ёстой байсан Петров үүнийг хуурамч мэдээлэл гэж дүгнээд дээд удирдлагадаа системийн алдаа гарсан гэж мэдээлсэн юм. Хэрвээ тэр энэ мэдээллийг цөмийн довтолгоо гэж илтгэсэн бол шууд цөмийн дайн эхлэх байжээ.

Петров энэ тухай 2013 онд BBC сувагт ярихдаа “Надад байгаа бүх мэдээлэл цөмийн довтолгоо эхэлснийг харуулж байсан. Хэрвээ би дээш нь ингэж илтгэсэн бол уг мэдээллийг үгүйсгэх эрхтэй хүн байгаагүй” гэж байв.

“Түгшүүрийн дохио хангинаж, би ‘Пуужин харвах’ гэсэн улаан товчтой дэлгэцний өмнө сууж байлаа” хэмээн тэр дурссан байдаг.

Сүүлд хийсэн шалгалтаар Зөвлөлтийн хиймэл дагуулууд үүлэнд ойсон нарны гэрлийг тив хоорондын баллистик пуужингийн хөдөлгүүр гэж буруу таньсан нь илэрсэн юм.

Петров өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Москва дахь гэртээ нас баржээ. Энэхүү түүхийг анх удаа дэлхий нийтэд дэлгэж байсан Германы кино найруулагч Карл Шумахер саяхан Петровт төрсөн өдрийн мэнд хүргэхээр залгахад түүний хүү Дмитрий эцгийгээ тавдугаар сард нас барсныг дуулгажээ.

 

Эх сурвалж: BBC