Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Өнөрмаа: Өсвөр насныханд сэтгэлзүйн сургалт явуулах нь амиа хорлохоос сэргийлэх хамгийн зөв арга

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 9 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын нийгэмд чимээгүй тахал болон тархаж буй амиа хорлолтын шалтгаан нөхцөлийн талаар УЕПГ-аас анх удаа томоохон хэмжээний судалгаа хийжээ. Судалгааны явцад өсвөр үеийнхэн амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид халаглан ярьж байна. Энэ талаар судалгааны багийн удирдагч, УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нийгмийн асуудал болоод байна. Энэ талаар хуулийн байгууллага анх удаа цогц судалгаа хийжээ. Судалгаа хийх болсон шалтгааны талаар ярилцлагаа эхлэх үү?

-Аливаа улс оронд тухайн улсын хүн амын өсөлт бууралт, нас баралтыг шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаагаар тогтоож, бодит баримтад тулгуурлан бүх талын шалтгаан нөхцөлийг тогтоодог судалгааны байгууллагууд байдаг. Манай улсад яг хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг бодит эрүүгийн хэрэг дээр тулгуурлаж хийсэн судалгаа хийж байгаагүй.

Амиа хорлосон тохиолдлуудыг бүртгэдэг зарим байгууллагын мэдээ баримтад тулгуурласан, бусад улс оронд хийгдсэн амиа хорлосон тохиолдлын мэдээг нэгтгэн харьцуулах шинжтэй зарим нэг судалгаа байсан. Судлаач хүний хувьд нийгэмд хэрэгтэй томоохон судалгаа хийхийг бодож байсан.

Ингээд Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлалаар тодорхойлох, мөрдөн байцаалтын шатанд дээрх тохиолдлыг бүрэн шалгаж тогтоодог эсэхийг судлах, “бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад дүгнэлт хийх, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практикийг судлах зорилгоор суурь судалгааг эхлүүлж, удирдамжаа батлуулсан юм.

Энэ дашрамд шинээр батлагдсан Прокурорын тухай хуульд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, прокурорыг мэргэшүүлэх сургалт, судалгааны нэгж байхаар тусгасан байгаа бөгөөд цаашид манай Сургалт, судалгааны төв гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах олон суурь судалгааг хийх, мэргэжлийн судлаач нартай хамтран ажиллахаар төлөвлөж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Судалгааны дүнд энэ төрлийн хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Судалгаа маань маш өргөн цар хүрээг хамарсан. 7,000 гаруй мэдээллийг цуглуулж нэгтгэсэн болохоор тэр бүх тоон мэдээллийг энэ удаагийн ярилцлагад бүрэн өгөх боломжгүй. Гэхдээ ерөнхий мэдээллийг дурдвал сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд амиа хорлох тохиолдлын тоо буурсан бөгөөд энэ хугацаанд 2,055 хүн буюу, жилд дунджаар 411 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1,729 нь эрэгтэй, 326 эмэгтэй байна. Үүнээс үзвэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Насны бүлгээр авч үзвэл 10-89 хүртэлх насны хүмүүс байгаагийн дундаж нас 33±12.9 байна. Насны бүлгийн хувьд 605 тохиолдол буюу 29.4 хувь нь 10-25 хүртэлх, 1,450 буюу 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан байсан. Тэр тусмаа 29 хүртэлх насны хүмүүсийн дундах амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай байна.

Статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож үзэхэд амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурахаар байна. Гэвч өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан. Судалгаа маань ном болж гарахаар хэвлэлийн эх нь бэлэн болсон. Тэндээс та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

-Хохирогчдын хувьд эрэгтэйчүүд илүү олонх байгаа нь харагдаж байна. Үүнд гэр бүлийн орчин, нийгмийн байдал нөлөөлж байна уу?

-Судлаач хүний хувьд эрэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэлзүйн хувьд асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлсөн гэж дүгнэж байна. Ер нь эрэгтэйчүүд амиа хорлох болсон шалтгааныг сэтгэлзүйн хувьд эсвэл эрэгтэй хүний амьдралын хэв маягийн хувьд гэдэг ч юм уу тусгайлан судлах хэрэгтэйг энэ судалгааны дүн харуулсан.

Манай суурь судалгааны онцлог нь Монгол Улсын хүн амын дундах амиа хорлолтын түвшин, тархалт, нийтлэг шалтгааныг олон талаас нь гаргаж ирэх үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэх цаашид боломжтой эсэхийг судлан асуудал дэвшүүлэх зорилготой. Цаашид бусад судалгааны байгууллагад нарийвчлан судлах шаардлагатай суурь мэдээллүүд өгөгдлүүдийг манай суурь судалгаанаас харж болно.

Амь хохирогчдын амиа хорлохоос өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл ихэнх тохиолдолд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлоно гэж заналхийлэх, амиа хорлох арга зам, хэрэгслийг эрж хайсан, сэтгэл зүйн хувьд мухардаж, амьдралын зорилгогүй болсноо илэрхийлэх, уурлаж хилэгнэх эсвэл өшөө авахыг эрэлхийлэх, бодлогогүй үйлдэл хийдэг байж.

Мөн согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх, найз нөхөд, гэр бүл, нийгмээс өөрсдийгөө тусгаарлах, сэтгэл тавгүйтэх, цухалдах эсхүл зан ааш нь огцом өөрчлөгдөх, нойргүйдэх, байнга унтах, бусдад ачаа дарамт болж байна гэж үзэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байсан нь амь хохирогчид сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан нь тогтоогдож байсан.

Манай улсад сэтгэл зүйч бэлтгэдэг сургууль нь байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийг ажлын байраар хангадаггүй, сэтгэл зүйчийн мэргэжлийн ач тусыг ойлгож мэдэхгүй байгаа нь харамсалтай байна.

Нэмж хэлэхэд суурь судалгааны үр дүнг Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүн амын дундах амиа хорлох тохиолдлоос урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг хийх санал хүргүүлсэн. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд, их дээд сургуулийн оюутан амиа хорлосон тохиолдлын шалтгаан нөхцөлийн талаар тодорхой жишээ, баримтыг дурдаж боловсролын салбарт сэтгэлзүйн сургалт явуулах, дахин ийм тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил хийхийг үүрэг болгож мэдэгдэл хүргүүлсэн байгаа.

-Амиа хорлолтын насны хувьд өсвөр насныхан сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон нь судалгаанаас харагдаж байна уу?

-Энэ асуултад хариулахын тулд танд хэдэн эмгэнэлтэй гэмээр тоон мэдээг эхлээд хэлье.

Сүүлийн таван жилд буюу 2012-2016 онд 10-25 насны 605 хүн амиа хорлосон бөгөөд нийт 2,055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлж байна. Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь байна.

15-19 насны нийт 179 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 57 буюу 31.8 хувь, Хөвсгөл аймагт 17 буюу 9.5 хувь, 20-25 насны амиа хорлосон нийт 348 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 154 буюу 44.25 хувь, Хөвсгөл аймагт 7.7 хувь нь бүртгэгдсэн байна.

2016 онд Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Монгол Улсын хүний хөгжлийн талаарх” суурь судалгааг 16-17 насны сурагчдын дунд явуулсан байдаг. Судалгаагаар сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж  хариулсан нь судалгаанд хамрагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг.

Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэрийг гаргаж байгаа нь хагацал үзсэн гэр бүлийн эмгэнэл биш нийгмийн эмгэнэл юм. Дээрх асуултад хариулсан байдлыг судалгааны тоон үзүүлэлтэй харьцуулаад л харахад дан ганц томчууд биш хүүхдүүд сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гарах гарцаа мэдэхгүй байгаа нь ажиглагдаж байна.

-Монгол Улсын ирээдүй болсон өсвөр үеийнхний энэ үйлдлийн шалтгаан нөхцөлийг та юу гэж харж байна вэ?

-Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, өссөн орчин болон амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин, хөвүүнтэй муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлөвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг, хойд эцэг эхтэйгээ ойлголцдоггүй.

Өөрт тулгамдаж буй асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой байсан. Зарим тохиолдлоос харахад багш, дотнын найз нөхдөдөө өөрт тулгамдсан асуудал буюу амиа хорлоход хүргэсэн шалтгаанаа ярьсан боловч анхаарч ойлгоогүй, ач холбогдол өгч, зөвлөж туслаагүйн улмаас сэтгэл зүйн тогтворгүй байдал, гутралд орж өсвөр насны хүүхэд амиа хорлоход хүрсэн гэж үзэж болохоор тохиолдлууд байна.

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлосон гэх хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг харахад амь хохирогчийн зан байдлын талаар эцэг, эх буюу гэр бүлийн гишүүдийн өгсөн мэдүүлэг, найз нөхөд эсхүл үерхдэг охин, хөвгүүнийх нь өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байлаа. Тухайлбал, гэр бүлийнхний мэдүүлгээр дуугүй, томоотой, нээлттэй биш гэж мэдүүлсэн байхад багш, найз нөхөд нь зан төлөвийн талаар өөрөөр тодорхойлж илэн далангүй, хөгжилтэй гэх зэргээр мэдүүлсэн байна. Мөн дотно үерхэж нөхөрлөдөг найзуудын талаар эцэг, эх нь огт мэддэггүй гэсэн мэдүүлэг ч бий.

-Нэг ёсондоо хүүхдийнхээ зан байдлын талаар гэр бүлийнхэн, эцэг эхчүүд тэр бүр анхаарч, ойлголцдоггүй гэсэн үг үү?

-Өсвөр насны хүүхдүүд нь зан төлөв, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байдаг учраас тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгох, сэтгэл зүйн хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэгдсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байх нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм.

Хүний шууд буруутай үйлдлээс гадна бусдыг үхэлд хүргэж болзошгүй олон хүчин зүйлээс сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх боломжтой юм. Судалгаанаас дүгнэхэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдадаа тавих анхаарал сул, сурагчдынхаа эцэг, эхтэй харилцах харилцаа дутмаг, хүүхдэд өөрийгөө хэрхэн бусдад ойлгуулах, сэтгэл гутралд орвол хэрхэн даван туулах талаар зөвлөдөггүй.

Хүүхдийн зан байдал, сэтгэл зүйн онцлог, ар гэрийн амьдрал зэргийг мэддэггүй, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажилладаггүй, тухайн сургуулийн сурагч амиа хорлосон тохиолдолд дүгнэлт өгдөггүй, хичээлийн хөтөлбөрт сэтгэл зүйн сургалт ордоггүй зэрэг байдал нөлөөлсөн гэж үзэж болохоор байсан.

Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 4.1.8, 5.15 дахь хэсэгт зааснаар бага болон суурь боловсролын агуулгад “зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх. эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох”, 6.1.4 дэх хэсэгт бүрэн дунд боловсролын агуулгад "....гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ...”, мөн хуулийн 20.2.15 дахь хэсэгт ерөнхий боловсролын захирал ‘‘сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих” үүрэгтэй бөгөөд 22.1.6, 22.1.9 дэх хэсэгт багш “.... хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх”; “хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хууль заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх” үүрэгтэй гэж тус тус заасан байдаг.

Дээд боловсролын тухай хуулийн 3.2.3 дахь хэсэгт “...зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох...” гэж заасан нь хуулийн заалтыг холбогдох байгууллага, албан тушаалтан зохих түвшинд хэрэгжүүлж ажиллахгүй байгаагаас өсвөр насны болон 25 хүртэлх насны хүмүүсийн дундах амиа хорлох тохиолдол өсөх хандлагатай байна гэж үзэж болохоор байна.

Бүх шатны сургууль хуулиа бүрэн хэрэгжүүлдэггүй, сургуулийн захирал, багш нар хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа нь сурагч, оюутнууд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, архи, мансууруулах бодис хэрэглэх, сургуулийн орчинд гарсан цуу яриа болон гэр бүлийн амьдралын нөхцөл тааруу зэрэг нөхцөлөөс болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлуудаас тогтоогдож байна.

Мөн өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харьцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байсан.

-Энэ төрлийн гэмт хэргийг зохицуулдаг эрх зүйн зохицуулалт манай улсын хувьд хэр вэ?

-Судлаачийн хувьд эрх зүйн зохицуулалтыг шинэ хуучин хуулийн заалт, нөхцөл бүрээр дүгнэлт хийснээс танд товчлон хариулъя.

Бусдыг амиа хорлоход хүргэж буй гэмт хэрэг нь шууд бусаар бусдыг “үхлийг өөрөө сонгох”-д хүргэж буй хэрэг. Амь хохирогчийн үхэлд шууд болон шууд бус санаагаар хандсан гэм буруутай үйлдэл юм. Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулбал шалгаж тогтооход хамгийн хүндрэлтэй хэргийн нэг бөгөөд ялангуяа амь хохирогч өсвөр насны, өвчний улмаас бусдын эрхшээлд байсан бол уг тохиолдлыг шалгаж тогтооход нь учир дутагдалтай байгаа нь судалгааны явцад ажиглагдсан.

2002 оны Эрүүгийн хуулиар шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг судалж үзэхэд 2012-2016 онд 19 хэргийг шүүх шийдвэрлэжээ. Шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй байдалд дүгнэлт хийхэд бусдыг амиа хорлоход хүргэж буй этгээдээс байнгын бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, харгис хэрцгий хандсан, гэр бүлийн хүчирхийлэл, удаан хугацааны туршид гэр бүлд тогтсон “хэвшил” байх эсвэл нэр, төр алдар хүндийг нь байнга гутаан доромжилсон, хохирогч энэ идэвхтэй үйлдлийн улмаас амьд явах хүсэлгүй болсны улмаас өөрийнхөө амийг хорлох бүхий л аргыг хэрэглэсэн байхыг шаардаж байна.

Харин шинээр батлагдсан Эрүүгийн хуульд бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн объектив шинжийг илүү тодорхойлж амь хохирогчийн бусдаас хараат байж болох нөхцөлийг тодорхой тусгаснаар объектив шинжийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох боломжтой болох нь харагдаж байна. Хуульд заасан объектив үйлдлүүд бүгд "байнга” хийгдсэн байхыг шаардаж байгаа нь зарим тохиолдолд ялангуяа өвчний улмаас бусдын эрхшээлд байгаа эсвэл өсвөр насны хүүхэд нэг удаагийн ноцтой үйлдэл, доромжлолын улмаас амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг шалгаж, тогтооход хүндрэл учруулж болзошгүй байдлыг бий болгохоор байна.

Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй эцэг, эх, асран хамгаалагчаас эсхүл эдийн засаг, бие махбодын хувьд бусдаас бүрэн хараат байдалд байгаа нөхцөлд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, боломжгүй, өөрийгөө хамгаалах эрх зүйн бүрэм чадамжгүй хүний /нэр төр, алдар хүнд гэдэг үгний утгыг бүрэн ойлгохгүй өсвөр насны хүүхэд/ хувьд тухайн цаг мөчид сэтгэл зүйд хүндээр тусах үг, доромжлолыг мэдрүүлсний улмаас амиа хорлосон тохиолдолд бусдыг доромжилж нэр төрд нь халдсан байсан ч “байнга” гэсэн шинжийг агуулаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байна.

-Тэгвэл хууль эрхзүйн зохицуулалт энэ төрлийн хэргийг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Бусдыг амиа хорлоход “гарцаагүй” хүргэсэн байх шинжийг хэрхэн ойлгон, шалгаж тогтоох нь тодорхойгүй байгаа бөгөөд амь хохирогчийн хувьд тухайн нөхцөлд хийсэн үйлдэл нь тухайн амь хохирогчийн хувьд гарцаагүй байсан гэдгийг тогтооход бэрхшээлтэй гэж судлаачийн хувьд үзэж байна.

Хуулийн дээрх тодорхойлолтоос үзвэл амиа хорлох гэж буй хүний “гарцаагүй байдал” нь тухайн хүний хувьд үүнээс өөр үйлдэл хийх боломжгүй нөхцөлд орсон байхыг шаардаж байна. Удаан хугацааны туршид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, доромжлогдсоны улмаас амиа хорлосон нь “гарцаагүй байдал” эсхүл “сэтгэл зүйн хувьд уг үйлдлийг даван туулах чадваргүй болсон нөхцөл” байсан эсэхийг эрх зүйн онолын үүднээс тайлбарлах уу эсвэл сэтгэл зүйн талаас тайлбарлах уу гэдэг нь тодорхойгүй байна.

Өсвөр насны хүүхэд өөрт тулгарсан дарамт, доромжлол, сэтгэл зүйн гутрал, тогтвортой бус байдал зэргийг өөр аргаар даван туулах боломжтойг ойлгох, мэдэх чадваргүй субъект юм. Амь хохирогч тухайн нөхцөлд амиа хорлох гарцаагүй байдалд орсон гэж ойлгосон субьектив шинжийг амь хохирогчийн зүгээс үү эсхүл тухайн тохиолдлыг шалгаж байгаа субъектийн зүгээс тодорхойлох уу гэдэг нь маргаантай юм.

-Судалгаа найман cap үргэлжилж, 7,000 гаруй мэдээлэл цуглуулж боловсруулсан, бас 400 гаруй эрүүгийн хэргийг уншиж судалсан гэсэн. Мэдээж судлаач хүний хийх ёстой ажил ч гэлээ, эмэгтэй хүний хувьд ийм олон тооны амиа хорлолтын шалтгаан нөхцөлийг судлахад хүндрэл гарч байв уу?

-Судалгаа маань өөрөө цар хүрээ өргөн, амиа хорлох тохиолдлын шалтгаан нөхцөлийг нийгэм, эдийн засаг, гэр бүл, амьдралын орчин, хувь хүний төлөвшил, сэтгэл зүй, эрүүл мэнд гээд үндсэндээ нэг эрүүгийн хэргээс өөрөөр хэлбэл амиа хорлосон нэг тохиолдолд 178 асуумжаар судалгаа хийгдсэн. Нийт 2,055 эрүүгийн хэрэг хамрагдсан гэсэн үг.

Мөн суурь судалгааны үр дүнг бататгах зорилгоор 400 эрүүгийн хэргийг нийслэлийн найман дүүргээс татаж судалсан. Тохиолдол бүрийг нэг бүрчлэн уншиж тэмдэглэж байсан. Өдөр бүр 10-20 амиа хорлосон тохиолдлыг уншихад сэтгэлзүйн хувьд маш хүнд байсан. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн амиа хорлосон тохиолдлыг судалж байхад эх хүний хувьд үнэхээр сэтгэл эмтэрч байлаа.

Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль, гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг, эх байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр ийм аймшигтай алхмыг сонгож байгаа нь судлаачийн хувьд ч, эх хүний хувьд ч тэр хүндээр тусч байсан.

Магадгүй томчуудын нүдэнд жижиг боловч хүүхдийн сэтгэхүйн хувьд өөрт нь хүнд байсан асуудлыг тухайн үед олж харж чадсан бол, ярьж зөвлөж өгсөн бол тэр бяцхан амьтан өнөөдөр инээж хөөрөөд тоглож наадаад явж байх байсан гэх харамсал одоо ч хүртэл байна.

-Уншигчдад болон эцэг эхчүүд, багш нарт хандаж та юу хэлэх вэ?

-Хүүхэд төвтэй сургууль, эцэг эхийн харилцаа яагаад ийм бодит бус болчхов, бие биедээ хэтэрхий найдаж хүүхдийг анхаарлын төвөөс алдчихаад байгаа юм биш биз, амьдралд хөл тавих гэж тэмүүлж байгаа хойч үедээ юу зааж сургаад байна вэ, бэрхшээлийг давах туулах арга ухаан, асуудлын гарцыг зөв олж харах алсын хараа заахын оронд "дуугай, томоотой эсвэл эрдэмтэй мундаг" хүн болгох гэж оролддог хүмүүжлийн буруу арга барил эргээд хүүхдийг нээлттэй бус болгож байгааг яагаад олж харахгүй байна вэ. Бөмбөг хөөж, чихэр харж хөөрдөг, эцэг эхдээ зэмлүүлэхээсээ айдаг насан дээрээ байгаа хүүхэд үхлээс айх биш үхлийг сонгож аймшигтай үйлдэл хийж байхад өнөөдрийг хүртэл яагаад хэн ч анхаарахгүй байна вэ, төсөөлөхөд ч аймар алхам хийхээсээ урь тэр нялх амьтан юу бодож , хэнд гомдож байсан бол гээд олон асуултын хариуг хайж, цөхөрч суулаа. 

Эцэст нь хэлэхэд хүүхдийн төлөвшилд сэтгэлзүйн сургалт буюу амьдралын ухаан, бэрхшээлийг даван туулах арга замыг зааж өгөх нь маш том нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар минь ойлгооч. Хүүхдийнхээ сайн найз нь байгаач, та бид нарт "томоотой, сайн, урдаас нь үг хэлдэггүй" хүүхэд болж харагдах гэж үр хүүхэд минь хичээснээс алдаж байна. Томчууд бид нараас тусламж хүсээд нэмэргүй гэж ойлгож заримдаа томчуудын болчимгүй үг, үйлдэлд гомдож цөхөрч цаг бусаар хорвоог орхиж байна шүү дээ. Энэ эмгэнэл давтагдахгүй гэх баталгаа байхгүй, дахин нэг аав, ээж ийм хагацал битгий үзээсэй гэсэндээ энэ эмгэнэлтэй байдлыг дурдахгүй байж чадсангүй.

Зураг