Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Японы 90-ээс дээш настай иргэдийн тоо анх удаа 2 саяыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Японы 90 ба түүнээс дээш настай иргэдийн тоо өнгөрсөн долоо хоногт 2.06 саяд хүрч, анх удаагаа 2 саяын босгыг давсан тухай засгийн газар нь Даваа гарагт мэдээлжээ.

Мөн 65 ба түүнээс дээш настай 7.7 сая хүн өнгөрсөн онд ажилд орсон нь Японы нийт ажилтай иргэдийн 11.9 хувь болсон тухай мэдээлсэн байна.

Хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүчний хомсдолд орж байгаа Япон улс өндөр настнуудын ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болсон нь үүнд нөлөөлжээ.

Ажил эрхэлдэг 7.7 сая өндөр настны 3.01 сая буюу 39 хувь нь бүтэн биш цагаар ажилладаг гэнэ. 2006 онд энэ үзүүлэлт 1.22 сая байсан бол энэ онд 2.5 дахин өссөн байна.

Японы иргэдийн 65 ба түүнээс дээш настнуудыг албан ёсоор өндөр настанд тооцдог ба тэдний тоо энэ онд 35.14 саяд хүрээд байгаа нь нийт хүн амын 27.7 хувь юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй долоон гүрний дотор Япон улс энэ үзүүлэлтээр тэргүүлдэг бөгөөд араас нь Итали 23 хувь, Герман 21.5 хувь, Франц 19.7 хувиар жагсдаг ажээ.

Хүн амын наслалт нэмэгдэх болсон тул өндөр насны босго болох 65 насыг 75 болгож ахиулах тухай яригдаж байгаа. Учир нь 65-аас 75 насныхан өөрсдийгөө өндөр настан гэж хэлүүлэхэд эрт байна гэж үздэг нь саяхны судалгааны дүнгээс харагджээ.

 

Эх сурвалж: Japan Times