Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Курдүүд тусгаар тогтнолын төлөө саналаа өгнө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 25-нд Иракийн Курд үндэстнүүд тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулахаар болжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Курдистаны нийслэл Эрбил хотод олон мянган Курдүүд жагсаж, тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн эхлүүлсэн байна. Нийслэлийнхээ Шанидар цэцэрлэгт цугларсан иргэд дуулж, бүжиглэж, тэнгэрт ёслолын буудлага хийж байлаа.

Курдистаны улаан, цагаан, ногоон дэвсгэртэй далбаанаас гадна Израйлийн далбаа намирч байсан нь сонирхол татаж байв. Учир нь Курдын тусгаар тогтнолыг Израйлийн эрх баригчид дэмжсэн нь тэдний талархлыг хүлээхэд хүргэсэн байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Курдын ард түмэн тусгаар тогтносон улсаа байгуулах бүрэн эрхтэй гэж мэдэгдсэн юм.

Гэвч энэ мэдэгдэл Багдадад таалагдсангүй. Ням гарагт Иракийн дэд ерөнхийлөгч Нури Аль Малики “Бид Иракийн хойд хэсэгт хоёр дахь Израйль байгуулагдахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.

Аль Малики Куридстаны орон нутгийн засаг захиргааг санал асуулгаа цуцалж, Иракийн ард түмний нэгдмэл ашиг сонирхлыг хүндлэхийг уриалжээ.

Үүнээс өмнө Иракийн ерөнхий сайд Хайдер Аль Абади Курдүүдийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг “аюултай, галаар наадсан хэрэг” гэж хэлсэн юм.

Тэр бас Иракийн ард түмэнд хууль бус этгээдүүдээс үүдэлтэй аюул тулгарвал цэргийн ажиллагаа явуулна гэж анхааруулжээ.

 Мөн Вашингтон энэ үеэр Курдистаныг санал хураалтаа хойшлуулж, эхлээд Багдадтай яриа хэлэлцээр хийхийг уриалсан юм.

 

Эх сурвалж: Russia Today