Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр зам орчмын хуучны орон сууцуудыг ДАХИН барилгажуулна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
 

Баянгол дүүргийн 1,2,3,4,20-р хороонд "Дахин барилгажуулах" төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар тус хорооны иргэд, нийслэл, дүүргийн холбогдох төрийн байгууллагын удирдлагууд өнөөдөр хэлэлцүүлэг хийлээ. Төслийн талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяагаас тодрууллаа.

54 барилгаас 32 төсөл хэрэгжүүлэгч шалгаран ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон

Л.Нарантуяа: БГД-ийн хуучин барилга, орон сууцыг буулгах төсөл 2013 оноос эхлэн хийгдэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар /НИТХ/ энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар журмыг батлагдаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтүүдийг хийн, төсөл сонгон шалгаруулалтын ажлууд эхлээд явж байна. 

БГД нь их хүн төвлөрсөн, орон сууцны хороолол ихтэй дүүрэг. Тиймээс ажил удааширч, иргэдэд хүлээлт үүсээд байгаа. Хуучин барилгыг буулгаж, шинээр баригдах хугацаа, төсөл хэрхэн баталгаатайгаар амжилттай хэрэгжих талаар асуултыг иргэд байнга тавьдаг. Ялангуяа ажлаа эхлээгүй байгаа БГД-ийн 2-р хороо, 20-р хорооны иргэд маш хүлээлттэй байгаа.

Өнөөдрийн байдлаар 54 барилгаас 32 төсөл хэрэгжүүлэгч шалгараад ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон. Зарим нь ажлаа явуулаад эхэлсэн байгаа. Гэхдээ ажил удааширч буй шалтгаан нь тухайн шалгарсан компани орон сууцыг буулгаад, барилгажуулах бүх хөрөнгийг өөрсдөө босгодог. Мөн иргэдтэй зөвшилцсөний үндсэн дээр хуучин орон сууцыг нь шинэ орон сууцаар солиод, өөрт үлдэж байгаа орон сууцуудаа борлуулж, тухайн төслийнхөө анхны хөрөнгө оруулалт болон үр ашгаа олж авдагтай холбоотой.

Бид энэ төслийг хурдан хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Иргэд маань ч ийм шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт босгоод тухайн өмчийн өмчлөгч иргэдтэйгээ зөвшилцөж гурвалсан гэрээгээ 100 хувь байгуулснаар төсөл хэрэгжинэ. Бусад асуудлыг техникийн хүрээнд манай холбогдох мэргэжлийн байгууллагууд хянаад явдаг учраас асуудалгүй. Одоогийн байдлаар 3-р хорооны нэг байр ашиглалтад орсон байгаа" гэлээ.

БГД-ийн ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцны байршил

Одоогоор дахин төлөвлөлтөд орсон байруудыг нэрлэвэл:

  • Нарны зам, Барс худалдааны төвийн хойд талд
  • Нарны зам, Барс худалдааны төвийн хойд талд
  • Үндсэн хуулийн гудамж, Нарны гүүрийн баруун хойд талд
  • Нарны зам, Улаанбаатар төмөр замын хойд талд
  • Нарны зам, Улаанбаатар төмөр замын хойд талд
  • Хатанбаатар Магсаржавын гудамж, УБТЗӨ хойд талд
  • Энхтайваны өргөн чөлөө, Төмөр замын сургуулийн баруун талд
  • Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сан
  • Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн зүүн талд
  • Товчны зам, Номин агуулахын урд талд.