Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын харвасан пуужинг яагаад устгахгүй байна вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлд Хойд Солонгосоос Японы арал дээгүүр пуужин харвах үед түгшүүр зарлаж, иргэдийг хоргодох байр бараадахыг анхааруулсан ч Токио, Вашингтоны хэн нь ч устгах арга хэмжээ авсангүй.

Өнгөрсөн сард мөн ингэж харвахад Япон, АНУ-ын зэвсэгт хүчин арга хэмжээ авалгүй өнгөрсөн юм. Тэгвэл өнөөдөр АНУ-д зарим хүмүүс яагаад Ким Жон Ун аюултай туршилт давтан хийсээр байхад зүгээр суугаад байгаа талаар ярьж эхэлсэн байна.

“Дараагийн удаа Хойд Солонгос пуужин туршвал, ялангуяа манай холбоотон Японы дээгүүр харвавал, түүнийг буудан устгаж, Хойд Солонгост сануулга болгохын зэрэгцээ бидэнд найдаж суугаа Японы ард түмэнд чадавхиа харуулаасай гэж би хүсэж байна” хэмээн Бүгд Найрамдах Намын хууль тогтоогч Дана Рорабакер өнгөрсөн долоо хоногт конгресс дээр хэлжээ.

Тэрээр цааш нь “Бид хүч хэрэглэх боломжоо ингэж харуулахгүй бол бидэнд итгэж суух шалтгаан тэдэнд байхгүй” гэсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Ким Жон Уны пуужин 3,700 км зам туулж, Номхон далайд туссан нь тус дэглэмийн хамгийн хол харвасан пуужин болсон байна.

Гэвч АНУ, Японы албаны хүмүүсийн дүгнэж байгаагаар Хойд Солонгосын туршилт хариу цохилт өгөх хэмжээний ангилалд хараахан хүрээгүй байгаа гэнэ. Пентагоны төлөөлөгч Роб Мэннинг энэ талаар хэлэхдээ “АНУ болон түүний холбоотнуудын газар нутагт шууд аюул учруулахаар нөхцөл үүссэн тохиолдолд л хариу цохилт үзүүлнэ” гэсэн юм. Японы хувьд тэд АНУ-ын Patriot зэрэг пуужингаас хамгаалах зэвсэгтэй бөгөөд энэ нь нам өндрөөр ирж байгаа довтолгоог эсэргүүцэх чадалтай аж. Heritage Foundation байгууллагын судлаач Брюс Клингнер мөн хэлэхдээ Хойд Солонгосын пуужин Японы эргэн тойронд байрлуулсан хамгаалах системүүдийн хүрэх чадвараас хол өндөрт нисэж байгаа тул одоохондоо устгах боломжгүй гэнэ.

Үүнээс гадна Япон улс зөвхөн газар нутагтаа чиглэсэн халдлагаас өөрийгөө хамгаалахаар үндсэн хуульдаа тунхагласан тул одоогийн тохиолдолд хариу цохилт өгөх боломжгүй гэжээ.

Үүнийг баталж Токиогийн Такушоку их сургуулийн профессор Хидеши Такесада “Япон улс зөвхөн өөрийн агаарын хилд нэвтэрсэн, эсвэл газар нутагт унасан объектоос хамгаалах зорилготой” гэж хэлсэн байна.

Сүүлийн туршсан пуужин Японы агаарын орон зайд нэвтрээгүй, хэт дээгүүр өнгөрсөн, мөн газар нутагт нь ямар нэг зүйл унаагүй тул шууд аюул гэж үзэхгүй юм байна.

Нэг үгээр хэлбэл Япон, АНУ-ын аль аль нь өөртөө шууд аюул учруулаагүй зүйлийг устгах зорилт тавьж, өөртөө эрсдэл үүсгэхээс татгалзаж байгааг судлаачид хэлж байгаа юм.

Мөн хэт өндөрт яваа пуужинг устгах гэж оролдоод бүтэлгүйтвэл энэ нь олон нийтийн сэтгэл санаанд таагүй ойлголт өгч, Ким Жон Унд мөн ямар нэг сэдэл өгөх талтай гэнэ.

Одоогийн АНУ-ын хамгаалах системүүд пуужинг нислэгийнхээ дунд явахад, мөн эцсийн шатанд буюу байнд хүрэхийн өмнө устгах чадалтай.

Харин Пентагон цаашдаа пуужинг дөнгөж хөөрөх шатанд нь устгах зэвсэгтэй болохоор ажиллаж байгаа ажээ. Энэ шатандаа байгаа пуужин хурд удаантай, тэсрэмтгий түлшээр дүүрэн байдаг тул илүү үр дүнтэй цохилт болох юм байна.

 

Эх сурвалж: Japan Today