Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркийг зорьжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулга уулзалт Нью-Йорк хотноо есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд болно. НҮБ-ын гишүүн орны хувьд манай улсаас жил бүр Ерөнхий Ассамблейн чуулганд оролцдог билээ. 

Энэ жил Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил тэргүүтэй ажлын хэсэг чуулганд оролцохоор Нью-Йорк хот руу есдүгээр сарын 17-ны өдөр буюу өчигдөр морджээ. 

Тэрбээр Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн Сайд нарын уулзалт, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх Бага хурал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын Сайд нарын албан бус уулзалтад тус тус оролцох бөгөөд Литва, Румын, Канад Улсын Гадаад хэргийн сайд, АНЭУ-ын Төрийн сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий чуулганд оролцохгүй гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба мэдэгдсэн юм.