Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл Ангарагт найман сар амьдарсан хүмүүс эргэж ирлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ангараг дээрх судалгааны баазтай ижил орчинд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн амьдарсан зургаан хүн өчигдөр буюу Ням гарагт дэлхийн амьдралдаа эргэн иржээ.

Энэ бол Ангараг хүртлэх удаан хугацааны аялалын явцад хүмүүсийн сэтгэлзүйд гарах өөрчлөлтийг судалсан NASA-гийн туршилт байлаа. Дэлхийдээ “эргэн ирсэн” хүмүүс шинэ жимс, ногоог ховдоглон идэж байжээ. Учир нь тэд зөвхөн хөлдөөсөн, савласан, хатаасан хүнс найман сарын турш хэрэглэсэн юм.

 

Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэйгээс бүрдсэн багийнхан Хавайн их арлын Мауна Лоа нэртэй дэлхийн хамгийн том идэвхтэй галт ууланд байрлуулсан баазад амьдарч байв. Ангараг хүрэхэд хүмүүс 2-3 жилийн тусгаарлагдсан амьдралыг туулах ёстой бөгөөд энэ хугацаанд стресст орох, сэтгэл зүйд өөрчлөлт гарах эрсдэл байгаа юм. NASA 2030-аад оны үед анхны багийг Ангарагт илгээх төлөвлөгөөтэй байгаа.

Туршилтын багийнхан өнгөрсөн хугацаанд нэг байгууламжинд хамтдаа амьдарч, эндээсээ гарах бүртээ сансрын өмсгөл өмсөж, үргэлж хамтдаа явж байсан юм. Эх дэлхийтэйгээ холбоо барих мессэж нь үргэлж 20 минутын хүлээлттэй явагдана. Энэ хугацаанд тэд геологийн судалгаа хийж, газрын зураглал гарган, амьдрах байраа засварлан, тасралтгүй ажиллагааг нь хангаж байжээ.

Уг туршилтанд NASA $2.5 саяыг зарцуулсан байна. Туршилтад оролцогчдод стресс дарах тусгай компьютер тоглоом тоглуулж, олон мэдрэгч биенд нь суулган сэтгэц нь хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ.

Тэдний амьдарч байсан байгууламж нь жижигхэн хоёр унтлагын өрөөтэй байрны хэмжээтэй, гишүүн бүрт зориулагдсан унтлагын жижиг тасалгаатай, лаборатори, гал тогоо, угаалгын өрөөнөөс бүрдэнэ. Тэд нэг шүршүүр, хоёр бие засах өрөөг дундаа хуваалцан ашиглаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press