Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ: Хэрвээ яриа хэлэлцээр бүтэлгүйтвэл генерал Мэттис Хойд Солонгост санаа тавих болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Амралтын өдрүүдээр АНУ-ын дээд албаны хүмүүс хэвлэлд ярихдаа Хойд Солонгосын асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх хувилбар төлөвлөгөөнд нь хэвээр байгааг баталлаа.

Энэ долоо хоногт Нью Йорк хотод эхлэх НҮБ-ын ерөнхий ассемблэйн чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бусад улсуудын удирдагч нартай Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэх гэж байгаа юм.

НҮБ дэх АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэйли Ням гарагт CNN сувагт ярихдаа “Бид НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл дээр хийж чадах бүх юмаа дуусгаад байна. Эхлээд бид дипломат яриа хэлэлцээрийн замаар тэдэнтэй учраа олох гэж бүхнийг хийлээ. Хэрвээ энэ нь үр дүнгээ өгөхгүй бол генерал Мэттис (Пентагоны тэргүүн) асуудалд санаа тавих болно” гэжээ.

Өчигдөр бас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон CBS сувгийн “Face the Nation” хөтөлбөрт орохдоо Хойд Солонгосын асуудлаар яриа өрнүүлсэн байна.

Тэрээр Хойд Солонгосын асуудалд хандахдаа “дөрвөн NO” зарчмыг баримталж байгаа гэлээ. Үүнд “Дэглэмийг солихгүй, Дэглэмийг унагахыг хүсэхгүй, Хоёр Солонгосыг нэгтгэх гэж чармайхгүй, АНУ-ын цэргийг хоёр Солонгосын хил рүү илгээхгүй” гэсэн дөрвөн “үгүй” зарчмыг өнөөдөр хүртэл баримталж байгаа гэнэ.

Гэхдээ тэр эцэст нь Никки Хэйлигийн нэгэн адил цэргийн хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгэсэнгүй.

“Дээрх зарчим Хойд Солонгосыг үр бүтээлтэй яриа хэлэлцээрийн ширээний ард суулгах зорилготой. Хэрвээ энэ бүхэн бүтэлгүйтвэл, цэргийн хүч хэрэглэх ганцхан хувилбар бидэнд үлдэх болно” гэж АНУ-ын гадаад бодлогын тэргүүн хэлсэн юм.

Солонгосын хойгийн асуудал сүүлийн хэдэн сар урьд өмнө байгаагүйгээр эрчимтэй хурцдаж байна. Үүнд Пёньяны зургаа дахь цөмийн туршилт, ойр ойрхон гүйцэтгэх болсон пуужингийн туршилтууд нөлөөлж байгаа. Мөн нөгөө талаас АНУ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн ажиллагаагаа өргөжүүлж, Сөүлийг зэвсэглэх бодлого баримталж байгаа нь нөлөөлж байгаа юм.

ОХУ, Хятад улсууд Солонгосын хойгт дайн гаргахыг зөвшөөрөхгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байна. Гэтэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан болсон пуужингийн туршилтын дараа өөрийн дэглэмийн үлдэх цор ганц зам нь АНУ-тай ижил түвшинд зэвсэглэх гэж хэлсэн тухай Пёньяны албаны эх сурвалж мэдээлээд байна.

 

Эх сурвалж: Russia Today