Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн урт гольфийн тоглолт Улаанбаатарт өндөрлөлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагийн өглөөний 10:00 цагт Улаанбаатарын Богд Хаан Гольфийн клубын 18 дахь нүхэнд бөмбөгөө оруулснаар дэлхийн гольфийн түүхэнд дээд амжилт тогтоосон тоглолтоо 28 настай Адам Ролстон өндөрлөлөө.

Тэр Монгол орны баруун хил дээр оршдог Хүйтний оргилын дэргэдээс анхны цохилтоо хийсэн бөгөөд эндээс эхлэн 80 хоногийн турш 2,000 км зам туулан 20,093 удаа бөмбөг цохиж явсаар дуусгасан нь энэ юм.

 

 

Анх гарахдаа 14,000 цохилтоор дуусгана гэж төлөвлөж байсан ч 6,093 цохилт хэтрүүлсэн ажээ.

Адам Ролстон бол Хонг Конгийн рэгбигийн тамирчин байсан хүн. Түүнийг дагалдаж Өмнөд Африкийн иргэн, мөн рэгбигийн тамирчин асан, 42 настай Рон Рутланд 120 кг ачаатай тэргийг чирэн замыг туулсан байна.

Рутланд өмнө нь Африкийн бүх орныг дамжсан 26,000 км дугуйн аялал зохион байгуулж байсан аж. Тэд энэ туршлага дээрээ тулгуурлан гольфийн спортын дээд амжилтыг тогтоохоор шийджээ.

Ингээд Монгол орныг сонгосон байна. Ролстон Монгол орныг “Энэ бол хашаа тор татаагүй орон. Магадгүй манай дэлхийн сүүлчийн ийм газар байх” гэж хэлжээ.

Тэд нийт 400 бөмбөгтэй гарсан бөгөөд бөмбөг тус бүрээ $50-$100-оор үнэлж зараад олсон мөнгөө буяны санд хандивлаж байгаа юм.

 
 

Харин зам зуур тэд 150 орчим бөмбөгийг нь гээсэн байна.

Аялалын хоёр дахь өдөр тэдэнтэй нэгэн золбин нохой нийлснээр хамт 2,000 км замыг туулж Улаанбаатарт иржээ. Тэд энэ нохойгоо UB гэж нэрлэсэн байна.

Зам зуур байгаль, цаг уурын янз бүрийн саад бэрхшээлтэй тохиолдсон ч тэд ийнхүү зорилгоо биелүүлж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр болжээ. Монгол орны байгаль, хүн ардын сайхан сэтгэлийг магтсан Ролстон, Рутланд нарыг Улаанбаатар хотод хүлээж байсан гэр бүл, найз нөхөд нь угтан авсан байна.

 

 

Эх сурвалж: Telegraph, TheLongestHole.com