Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

500 эцэг эх цуглаж ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН талаар зөвлөлдлөө

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд хүмүүжих гурван төрлийн орчин байдаг. Анхдагч орчин нь гэр бүл, хоёрт сургууль, гурав дахь нь нийгэм гэж үздэг. Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн асуудал ихээхэн хөндөгдөж байгаа. 

Тиймээс хүүхдийн хамгийн чухал орчин буюу гэр бүлийн орчныг сайжруулах зорилгоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Газраас санаачлан анх удаа "Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн"-ийг өнөөдөр Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнөөр хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөний талаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хүн амын Хөгжлийн Газрын дарга С.Тунгалагтамираас тодрууллаа. 

Цахим орчны хэрэглээг нь хянаж хүүхэдтэйгээ ярилцах цаг их гаргаасай 

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хүн амын Хөгжлийн Газрын дарга С.Тунгалагтамир " Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газраас Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын  хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж байгаа. Мөн Залуучуудын тухай хууль энэ оны тавдугаар сард батлагдсан. Энэ бүгдээс харахад гэр бүл хүүхэдтэй холбоотой эрх зүйн орчин харьцангуй сайнаар бүрдлээ гэж бид үзэж байгаа. 

Тэгэхээр төрийн захиргааны талаасаа олон бодлогын бичиг баримтуудыг боловсруулж байгаа. Гэхдээ яг амьдрал дээр хүүхэд гэр бүлдээ хэрхэн хамгаалагдан, хүмүүжиж байгааг хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс бид өнөөдрийн энэхүү зөвлөгөөнөө зохион байгуулж байна.

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлох тохиолдол нэмэгдээд байгаа. Энэ байдлыг зогсоохын тулд эцэг эх, хүүхэдтэйгээ харилцан ойлголцож, өөрийн хүүхдэд тулгамдаж буй асуудлыг сайн сонсох хэрэгтэй. Мөн цахим орчны хэрэглээг нь хянаж хүүхэдтэйгээ ярилцах цаг их гаргаасай гэж зөвлөмөөр байна" гэлээ.

Зөвлөгөөнд оролцсон эцэг эхчүүдийн санал бодлыг сонслоо

 
Гэрэл зургийг mpa.mn
Анхдугаар зөвлөгөөнд нийслэлийн болон орон нутгийн нийт 500 гаруй эцэг эх оролцож байна. Холбогдох албаны хүмүүс болон, эцэг эх, хүүхдүүд "Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал", "Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого" гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүд хэрхэн анхаарах тал дээр санал бодлоо солилцсон юм.

Эцэг эхийн төлөөлөл н.Наранчимэг "Өнөөдөр цаг хугацаагаа олсон их сайхан зөвлөгөөн болж байна. Сая эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхэд баримтлах чиг хандлагын талаар илтгэл тавилаа. Энэ лекцээс өнөөдөр Монголын хүүхдүүдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо чухал болсон гэдгийг харуулж байна.

Мөн өнөөдөр цахим хэрэглээнээс болж гэр бүлийн дулаан уур амьсгал тасалдаж байгаа нь харагдаж байна. Эцэг эхчүүд, хүүхдүүд орой болгон гар утсаа оролдож, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цагаа цахим ертөнцөд булаалгаж байгаа юм. 

Цахим ертөнцтэй зөв харьцах, эртний уламжлалаа орчин үетэйгээ хослуулан хүмүүжүүлэх энэ хүмүүжлийг эцэг эхчүүд бид нар өнөөдрөөс анхаарах ёстой гэж бодож байна" гэлээ. 

Эцэг эхчүүдийг нэг өдрийг утасгүй, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэхийг уриалж байна

Эцэг эхийн төлөөлөл Д.Баатар "Би хүүхдийнхээ хүмүүжилд нэлээд анхаарал тавьж, хүүхдэдээ аль болох цаг гарган ойр байхыг хичээдэг. Гэхдээ өнөөдрийн Монголын нөхцөлд аав ээжүүд маань тэр болгон хүүхдэдээ цаг гаргах боломж бага байна.

Гэр бүлийн амин холбоонд тулгуурласан харилцаа дээр хүүхэд илүү хөгжин дэвших боломжтой гэж би хувьдаа боддог. Манай гэр бүлийн хувьд бид хүүхдүүддээ ухаалаг утас хэрэглүүлдэггүй ч, хажууд нь өөрөө ухаалаг утас ашиглах тохиолдол их гардаг.

Манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад амралтын нэг өдрийг гар утас ашиглахгүй байхаар дүрэм гаргасан. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхэд энэ дүрэм маань их дэм болдог. Тиймээс бусад эцэг эхчүүдийг нэг өдрийг утасгүй, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг уриалж байна" гэсэн юм.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn