Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мүүн Жэ Ин: Бид Хойд Солонгосыг сэргэхгүй болтол нь бут цохиж чадна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө ээлжит пуужингийн туршилтаа хийсэн Хойд Солонгосын дэглэмийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хатуу шүүмжилсэн мэдэгдэл хийлээ.

Пуужингийн туршилтын дараахан тэр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөө хуралдуулж, хурлын эхэнд нь мэдэгдэл хийсэн юм. Мүүн Жэ Ин “Олон улсын хамтын нийгэмлэгийн зэмлэл, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг үл хайхран Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа” гээд “Тэдний үйлдэж буй цуврал өдөөн хатгалгыг би хатуу буруушааж, эгдүүцэн хүлээж авч байна” гэжээ.

Тэрээр цааш нь “ийм нөхцөлд Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийх ямар ч боломжгүй” гэсэн юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрийн зэвсэгт хүчин нь улс орноо хамгаалах чадвартай гэж ард иргэдээ мөн тайтгаруулжээ. “Хэрвээ Хойд Солонгос манай улс руу, эсвэл холбоотнууд руу маань халдвал бид тэднийг дахин сэргэхгүй болтол нь бут цохих чадвартай” гээд ард иргэдээ засгийн газрынхаа хүчин чармайлтад итгэж болно хэмээн Мүүн Жэ Ин хэлжээ.

Мөн Өмнөд Солонгосын армид зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, Хойд Солонгосын зүгээс ирж болзошгүй цахилгаан соронзон зэвсэг, биологийн зэвсгийн халдлагаас хамгаалахад бэлэн байхыг үүрэг болгосон байна.

 

Эх сурвалж: Korea Times