Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхбат: Булган аймаг, Налайхын бүс нутгийн бохирдлыг цэвэрлэх төслийг боловсруулсан

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

БНЧУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Төсөлд нийт 845,000 орчим ам.доллар тусгажээ

БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбат "Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн явцад хүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад салбарын дадлагатай БНЧУ-ын мэргэжилтнүүдийн туршлагаас 2016 оны 2-р сараас эхлэн суралцаж байна. 

Төслийн монгол талын гол түнш нь Байгаль орчин аялал жуучлалын яам юм. Төсөл 2013-2017 онуудад хоёр шаттай хэрэгжиж байгаа. 

Эхний шатанд (2013-2015) юуны түрүүнд өгөгдөл, мэдээлэл цуглуулах, аргачлал, гарын авлага болон GIS -ийн өгөгдлийн цахим мэдээллийн санг үүсгэж бий болгох ажил хийгдсэн.

Цуглуулсан өгөгдөл мэдээллүүдийн үндсэн дээр Монголд элбэг тохиолддог бохирдсон бүс нутгуудад тохирох бохирдол цэвэрлэхэд чиглэх сонгогдсон газарт судалгаа хийх болон бохирдол цэвэрлэгээний загвар ажлуудын жишээг боловсруулахад хөтлөх төслийн 2-р шат эхлээд байна. 

Өнгөрсөн онд Налайх, Булган аймаг, Зүүнбаянд судалгааны ажил хийгдэж, эрсдлийн судалгаа боловсруулах ба залруулах арга хэмжээг санал болгосон. 2016 оны есдүгээр сард онолын ба дадлагын хэсгээс бүрдсэн судалгааны ажлын сургалт явагдсан.

Сургалтад нийтдээ 70-аас дээш тооны хүмүүс оролцсон. Оролцогчдын дунд Монгол Улсын бүх аймгаас төрийн байгууллага болон мэргэжлийн хяналтын төлөөлөгчид байсан. 

Булган аймаг, Налайхын бүс нутгийн бохирдлыг цэвэрлэх цэвэрлэгээний жишээ төслийг боловсруулсан. Энэ оны есдүгээр сард төрийн байгууллагын яригдсан төөлөөлөгчид ба мэргэжлийн хяналтын байцаагчдад зориулсан бохирдол цэвэрлэх технологи ба төслийн хаалтын воркшоп явагдана.

Сургалт онолын хэсгээс гадна Булган аймаг, Налайхын бүс нутагт бохирдол цэвэрлэх залруулах арга хэмжээний хүрээнд явагдах дадлагын хэсэг бас бий" гэлээ. 

Уг төслийг БНЧУ-ын  ДЕКОНТА ХК хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хоёрдугаар үе шат 2016 оны хоёрдугаар сарын 2017 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжих юм байна. Төсөлд нийт 845,000 орчим ам.доллар тусгажээ. 

Бохирдлын голомтыг илрүүлж цэвэрлэх ёстой

 

БНЧУ-ын хэргийг түр хамаарагч Олдрич Зажисэк "Монгол Улсын Байгаль орчин болон эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна.

Одоогоор БОАЖЯ-тай хамтраад БНЧУ-ын хоёр төсөл амжилттай хэрэгжиж байна. Нэгдүгээрт мод үржүүлэгтэй холбоотой төсөл байгаа. Хоёрдугаарт байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төсөл юм.

Байгаль орчны асуудал орчин үеийн тулгамдсан асуудал мөн. Бид хойч үедээ эрүүл байгаль орчныг үлдээхийн тулд бохирдлын голомтыг илрүүлж цэвэрлэх ёстой. Томоохон хот болон үйлдвэрүүдийн ахуйгаас гарч байгаа хог хаягдлууд өнөөгийн шийдвэрлэх ёстой зүйл" гэв.