Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сталины дайсан Троцкийг хөнөөсөн сүх олон жилийн дараа ил боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Оросын хувьсгалч Троцкий, эхнэрийн хамт

1940 оны наймдугаар сарын 20-ны үдэш Фрэнк Жэксон хэмээх эр Мехико хотын захын дүүрэгт орших том байшинд ирж Оросын хувьсгалчдын нэг Лев Троцкийтой уулзсан юм.

Үүнээс хэдхэн минутын дараа мөс хагалдаг сүхний хурц үзүүр Троцкийн гавалд 5 см орчим гүн орж, дэлхийн хамгийн дуулиантай аллагуудын нэгний зэвсэг болж хувирсан байна.

Дараа нь цагдаагийн хэвлэлийн хурлын үеэр үзэгдсэнээсээ хойш энэ зэвсэг 60 гаруй жилийн турш сураггүй болсон юм. Тэгвэл энэхүү сүхийг ирэх онд Вашингтоны Олон Улсын Тагнуулын Музейд тавьж, олон нийтэд үзүүлэхээр болжээ. Түүнтэй хамт өөр олон мянган ховор баримт үзвэрүүд олны нүдэнд дэлгэгдэх юм.

 

1940 оны хэвлэлийн хурлын дараа уг аллагын зэвсэг хэдэн жил Мехико хотын баримт агуулах байранд хадгалагджээ. Сүүлд цагдаагийн офицер Алфредо Салас хувьдаа шилжүүлэн авснаа дараа нь охиндоо өвлүүлж үлдээсэн байна. Охин Ана Алисиа нь сүхийг 40 жилийн турш орныхоо дор хадгалж байгаад 2005 оноос эхлэн зарж, мөнгө болгохоор шийдсэн гэнэ.

Троцкийн ач хүү Эстебан Волков энэ үед сүхэнд наалдсан цусны үлдэгдэлтэй өөрийн цусыг харьцуулан шинжлүүлж, сүхийг аллагын зэвсэг мөн болохыг батлах, үүний хариуд зэвсгийг Троцкийн гэр музейд хандив болгон авах хүсэлт тавьж байжээ.

Гэвч Саласын охин энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд мөнгө болгох сонирхолтойгоо илэрхийлж байв.

Ингээд эцэст нь АНУ-ын хувийн цуглуулагч, Олон Улсын Тагнуулын Музейн үүсгэн байгуулагч Кэйт Мелтон сүхийг худалдаж авсан байна. Тэрээр олон жил хайсны эцэст дуулиант аллагын зэвсгийг олж авсан нь энэ юм.

Гэхдээ Мелтон сүхийг ямар үнээр худалдаж авснаа нууцалсан байна.

1917 оны Октьябрийн хувьсгалаас төрөн гарсан хоёр хувьсгалч нь Троцкий, Сталин нар байв. Гэвч эцэстээ тэр хоёрын нэг нь үлдэж, нөгөө нь үхэх хэрэгтэй болсон юм.

1939 онд улс орноосоо дүрвэсэн Троцкийг устгах төлөвлөгөөг Сталин баталжээ. Хоёр тусдаа ажиллагааг тэр төлөвлөсөн байв. Нэг нь Мексикийн зураач, Сталины нууц цагдаагийн газар НКВД-ийн гишүүн Дэвид Алфаро Сикуэрос шууд буудаж алах төлөвлөгөө байв. 1940 оны тавдугаар сарын 24-нд Сикуэрос бусад алуурчдын хамт цэрэг цагдаагийн хувцастайгаар Троцкийн байшинд халдаж, 200 гаруй сумаар буудсан юм. Гэвч хувьсгалч эхнэрийн хамт амьд үлдэж чаджээ.

Хоёр дахь төлөвлөгөөг Испаний коммунист, эх нь үнэнч Сталинист болох Рамон Меркадер гүйцэтгэсэн юм. Тэр жинхэнэ нэрээ нууж, Фрэнк Жэксон хэмээх нэрээр Троцкийн хүрээлэлд эртнээс шургаж амжжээ.

Ингээд 1940 оны наймдугаар сарын 20-нд тэр Троцкийн байшинд ирж, сэтгүүлд гаргах нийтлэлээ үзүүлж зөвлөгөө авах шалтгаар нэвтэрсэн байна.

Өмнөх оролдлогын дараа харуул хамгаалалт нь ч чангарсан байжээ. Тэр үүргээ чимээгүй гүйцэтгээд, Троцкийг алагдсаныг харуулууд мэдэхээс өмнө гарч явахаар бэлдээд байв.

Харуулд мэдэгдүүлэхгүйн тулд тэр буу хэрэглэлгүй, сүхээр алах төлөвлөгөө боловсруулаад байжээ.

Меркадерыг нэвтрэхэд Троцкий сонин уншиж суусан гэдэг. Гэвч аллагыг чимээгүй гүйцэтгэж чадаагүй бөгөөд хувьсгалч чанга орилсноор харуулууд ирж Меркадерыг баривчилсан юм.

Троцкий 24 цагийн дараа эмнэлэгт нас барсан бол Меркадер шүүхээс 20 жилийн хоригдох ял сонсжээ.

Гэхдээ Меркадерыг шоронд байхад Зөвлөлтийн тал бүх зүйлээр хангаж, мөнгө илгээж, тэр ч байтугай бүсгүйчүүдийг түүн дээр оруулдаг байсан гэдэг. Тэдний нэг болох Мексик бүсгүй Рокуэлла сүүлд түүний эхнэр болж, суллагдсаных нь дараа хамт Москвад очсон юм.

Меркадер 1978 онд Кубад хорт хавдрын улмаас нас барахад Рокуэлла дэргэд нь байжээ. Меркадерын сүүлчийн үг нь “Би түүний хашхирах дууг үргэлж сонсдог. Тэр намайг нөгөө ертөнцөд хүлээж байгааг би мэдэж байна” гэсэн өгүүлбэр байв.

 

Эх сурвалж: The Guardian