Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр долоо хоног үргэлжилсэн Ирма хар салхи өндөрлөлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Карибын арлуудыг сүйрүүлж, Флорида мужийг тэвдүүлсэн Ирма хар салхи өчигдөр Охайо, Индиана мужуудад энгийн аадар бороо болж хувирснаар өндөрлөжээ.

Атлантын далайд дэгдсэн хамгийн хүчтэй хар салхинд тооцогдсон Ирма одоогоор 61 хүний амийг авч одсон нь батлагдсан ба цаашдаа энэ тоо өсөхөөр байна. Эдгээрийн 38 нь Карибын арлуудын иргэд байгаа бол 23 нь АНУ-ынх байгаа юм.

Зөвхөн АНУ-д 7 сая хүнийг нүүлгэх шийдвэр гарч, Флоридагийн 13 сая иргэн эрчим хүчгүй хоцорсон байна.

Ирмаг өндөрлөж байгааг мэдээлсэн Үндэсний Хар Салхины Төвийн мэргэжилтэн Дэннис Фелтген “Энэ бол маш том, онц аюултай хар салхи байлаа” хэмээн онцолжээ.

Колорадо Мужийн их сургуулийн судлаач Фил Клоцбах уг гамшгийг “Ирма бол мангас байсан” гэж товч бөгөөд тодорхой хэлсэн байна. Түүний тооцоолсноор ганц Ирмагийн үүсгэсэн хүч нь ердийн жилийн хар салхины улирлын зургаан сарын туршид үүсгэсэн салхины хүчтэй тэнцэж байгаа гэнэ.

Наймдугаар сарын 30-нд Атлантын далайд дэгдсэн Ирма ердөө 30 цагийн дараа 3 дугаар ангиллын хүчтэй болж нэмэгджээ. Дараа нь есдүгээр сарын 4-нд 4 дүгээр ангилалд шилжиж, 60 метр/секунд хурдтай болсон юм.

Харин маргааш нь 80 метр/секунд хүрч 5 дугаар ангилалд дэвшжээ.

Энэ бол Атлантын далайд дэгдэж байгаагүй хүчтэй хар салхи болсон гэсэн үг. Зөвхөн 1980 онд Мексикийн буланд дэгдсэн Аллен хар салхи богинохон хугацаанд ийм хурданд хүрээд буцаж байсан юм. Тэгвэл Ирма 37 цагийн турш дээрх хурдаар салхилсан нь далайн хар салхины түүхэнд шинэ дээд амжилт болжээ.

Ирмагийн анхны хохирогч Барбадос арлын өсвөр насны сюрфингийн тамирчин байсан ба аварга давалгаа түүнийг залгин одсон юм. Дараа нь Ливардын арлуудын нэгэн байшингийн дээврийг хуулж, гэртээ байсан 2 настай хүүг авч одсон байна.

Африкийн Сахарын цөлийн хуурай халуун агаар Атлантын далайн чийглэг агаартай мөргөлдсөний дүнд үүссэн гэгддэг Ирма ийнхүү Охайогийн хөндийд өндөрлөжээ.

 

Эх сурвалж: Japan Times