Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар Касперскийн бүтээгдэхүүнүүдээс татгалзах шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дотоодыг аюулаас хамгаалах департмент засгийн газрын бүх байгууллагуудыг Оросын Касперский компанийн бүтээгдэхүүнүүдээс салах төлөвлөгөө гаргах тушаалыг өчигдөр гаргажээ.

Төрийн байгууллага бүр дотоод үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Касперскийн бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргаж, 90 хоногийн дотор хэрэглэхээ болих чиглэл өгсөн байна. Програм хангамжийн компанийг Оросын тагнуулын албатай хамтран ажилладаг гэсэн шалтгаанаар ийм шийдвэр гаргасан гэнэ.

“ОХУ-ын засгийн газар өөрөө дангаар, эсвэл Касперский компанитай хамтран ажилласан аль ч тохиолдолд Касперкийн бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хортойгоор ашиглах эрсдэл байгаа” гэж тус департмент мэдэгдэлдээ өгүүлжээ.

Сүүлийн саруудад Касперский Лаб компанийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ АНУ-ын эрх баригчдын анхаарлыг татах болсон. Харин компанийн зүгээс Оросын тагнуулын албатай ямар ч холбоогүй гэдгээ олон удаа илэрхийлсэн юм.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Евгений Касперский бүтээгдэхүүнүүдийнхээ эх кодыг АНУ-ын засгийн газарт үзүүлэхэд ч бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

Гэвч түүний зүтгэл талаар болж, АНУ-ын бүх төрийн байгууллага Касперскийн програмуудаас бүрэн татгалзахаар болжээ.

 

Эх сурвалж: Russia Today