Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс ХИЙМЭЛ МАХ үйлдвэрлэхэд хамтран ажиллах томоохон гэрээг Израйльтай байгуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Хятад улс лабораторид үйлдвэрлэсэн хиймэл махыг өөрийн зах зээлд нээж өгөх томоохон гэрээг Израйль улстай байгуулжээ.

Даваа гарагт зарлагдсан $300 саяын худалдааны гэрээний дагуу Хятадын компаниуд Израйлийн технологийн компаниудтай хиймэл махны үйлдвэрлэлд хамтран ажиллах зам нээгдэж байна.

Энэ нь манай урд хөрш хүлэмжийн хийг бууруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаагийн нэг илрэл болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн эрх баригчид уламжлалт шатдаг түлштэй автомашины үйлдвэрлэл, худалдааг хориглож эхлэх хугацааг судалж байгаа тухай мэдээлэл тарсан. Мал аж ахуйн салбар дэлхийн хүлэмжийн хийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэгддэг.

Тиймээс Хятад улс махны нийлүүлэлтийг мал аж ахуйгаас биш, лабораторид бий болгосон хиймэл бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ.

Яг өнөөдөр дэлхий дээр найман компани хиймэл мах бүтээх чиглэлд ажиллаж байгаагийн гурав нь Израйльд байгаа юм.

Эдгээр компаниуд нь SuperMeat, Future Meat Technologies, Meat the Future.

Хэдийгээр зөвхөн Израйлийн компаниудад зах зээл нээгдэж байгаа ч бусад компаниуд ч энэ үйл явдлыг маш том боломж гэж харж байгаа.

Учир нь Хятадын махны зах зээл асар том. 2016 онд тус улсын махны импортийн хэмжээг $10 тэрбум илүү гэж Олон Улсын Худалдааны Төв тооцоолсон байдаг. Тиймээс энэ бол бүх компаниудад хангалттай том зах зээл.

Хятадтай байгуулсан Израйлийн засгийн газрын гэрээнд Израйлийн Инновацийн Газар, Израйлийн Экспортын Хүрээлэн зэрэг байгууллагууд мөн оролцож байна. Тэд энэ оны эхээр Израйлийн Хайфа хотод зохион байгуулагдсан дэлхийн анхны хиймэл махны чуулганд гол оролцогчид байсан юм.

Израйль улс бол технологийн инновациар дэлхийд зөвхөн Цахиурын хөндийн дараа хоёрдугаарт жагсдаг. Цахиурын хөндийн хиймэл махны компаниуд болох Impossible Foods, Hampton Creek-т бас Хятадын тэрбумтан Ли Ка Шин хөрөнгө оруулсан байдаг юм.

Тиймээс хиймэл махны үйлдвэрлэлийг Хятад улс хүчтэй сонирхож эхэлсэн нь эндээс харагдаж байна.

 

Эх сурвалж: Quartz