Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

АН, МАХН-аас УИХ ээлжит бусаар хуралдах ШААРДЛАГАТАЙ гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрыг огцруулаад долоо хонох гэж байна. Энэ үеэр УИХ дахь эрх баригч бус хоёр намын төлөөллүүд өнөөдөр ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай байгаа тухай хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Улс орны хэмжээнд тулгамдсан олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэл, утаа, хөрөнгө оруулалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил тааруу байгаа, хот тойрсон шүлхийн асуудал гэх мэт.

Хоёрдугаарт УИХ-ын тогтоол гарахдаа Засгийн газрыг огцруулсан бол дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж ярьдаг шиг өнөөдрийн Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүүлэх нь тохиромжтой биш гэж бид харж байгаа. Тиймээс Ардчилсан намын бүлэг хуралдаад эрх баригч намд нэн яаралтай Ерөнхий сайдын асуудлыг шийдэх шаардлага тавихаар болсон.

Гуравдугаарт 60 тэрбумын асуудлыг прокурорын байгууллагаас эвлүүлэг гэж зарласан. Үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эвлүүлэг хийсэн гэж үзээд байгаа бол энэ шуугианыг тарьсан эзнийг гаргаж, Монгол төрийн нэр хүндийг цэвэрлэх ёстой. Үүнийг эзэнгүй хаях нь байж болохгүй асуудал гэж бид харж байгаа.

Дөрөвдүгээрт офшорчдод хугацаа олгосон. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Авлигатай тэмцэх газрын даргатай уулзахад одоогоор нэг ч хүн ямар нэгэн алхам, үйлдэл хийгээгүй гэсэн. Өнөөдөр хууль, шүүх, цагдаагийн байгууллагууд асуудлаа ил тод, нээлттэй ярихгүй байна.

Энэ жил ургацын 50 орчим хувиа алдах гээд байна. Хүнс хоол, малын өвс тэжээлээ яах юм гэдэг асуудалд бодитой авах арга хэмжээгээ ярьж, мэдээлээгүй.

Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлах шаардлага гарч байгаа. Ээлжит бус чуулган зарлах өөр нэг том шалтгаан нь эрх баригчид маш олон төсвийн хууль зөрчсөн үйлдлүүд хийсэн. Хүүхдийн мөнгийг улс төрийн зорилгоор ашиглаж тавьчихаад өнөөдөр ОУВС-гийн нэрийг барьж олгохгүй байх шийдвэр гаргаж байх шиг байна.

Ер нь өнөөдөр төсөвт тулгамдчихаад байгаа олон асуудлууд бий. Алт, зэс, нүүрсний үнэ гадаад зах зээлд өндөр үнэтэй байгаа ч орж байгаа орлогууд хаашаа ороод байгаа нь тодорхойгүй байна” гэв.

"Засгийн газрыг огцруулсан нь намын доторх эрх мэдлийн тэмцлээ УИХ-аар хагалсан хэлбэр"

УИХ-ын гишүүн, МАХН-ын төлөөлөл О.Баасанхүү “Засгийн газрыг огцруулсан нь намын доторх эрх мэдлийн тэмцлээ УИХ-аар хагалсан хэлбэр гэж би харж байгаа. Огцруулсан гурван үндэслэл энэ Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн хэлбэр огт байгаагүй.

Одоо томилогдох Засгийн газарт хэн булчинтай байна түүний хүн л гарах байх. Засгийн газраа МАН-ын 65 гишүүнээс байгуулах ёстой. Чадахгүй гэвэл УИХ тардаг хууль байна. Тэгвэл дахиад сонгууль явуулаад зөв хүчин нь гараад ирнэ.

Хоёрдугаарт Таван толгойгоос болж нэлээн хэрүүлж болж байна.

Ард түмнээ бодож байгаа хүн алга. Улаанбаатар хотод шүлхий орж ирсэн. Дээрээс нь энэ өвөл эрчим хүчний нэлээн том доголдол гарч, олон удаа тог тасрах магадлалтай байгаа юм билээ. Өвлийн бэлтгэл, багш нарын цалин болон дээрх бусад асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Тиймээс би УИХ-ын чуулганыг ээлжит бусаар яаралтай хуралдуулах асуудал тавьж Ерөнхийлөгчид хандсан. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна” гэв.