Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оргил: Соёлтой, зөв иргэнийг бий болгож төлөвшүүлдэг хамгийн том зэвсэг бол кино юм

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN

Энэ удаагийн “Их хотын соёл” цуврал ярилцлагын зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кино урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, жүжигчин, продюсер М.Оргил оролцож байна. Кино урлагаар дамжуулан их хотын зөв иргэнийг хэрхэн төлөвшүүлж, хотын соёлыг түгээж болох вэ?

 

Та шинэ албан тушаалд томилогдоод удаагүй байгаа. Ерөнхийлөгчийн кино урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх гэж чухам ямар үүрэг хариуцлагатай ажил вэ?

- Монгол улсынхаа хөгжлийн төлөө өөрийнхөө мэргэжил, салбарын асуудлын дагуу Ерөнхийлөгчид зөвлөнө гэсэн үг л дээ.

Кино урлагийг хөгжүүлэхэд түлхэц өгч, гадна дотны туршлагаас суралцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх учиртай. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар, яамд болон хувийн хэвшлүүдтэй хамтраад кино урлагийг хөгжүүлэхэд хууль эрхзүйн болоод санхүүжилтийн таатай нөхцөлийг бүрдүүлэх бодлого гаргаж ажиллах нь нэн тэргүүний үүрэг юм. 

Ер нь төрийн үүрэг бол хууль эрхзүйн, санхүү, татварын таатай орчныг бүрдүүлэхэд байдаг л даа. 

Монголын кино урлаг ямар шатанд явж байна вэ. Хөгжлийн түвшинг тодорхойлбол?

Зөвхөн хотод төрж өссөн хүн биш хотод соёлтой амьдарч байгаа хүн бүр л хотын соёлыг эзэмшиж чаддаг.

Монголын кино урлагийн түвшинг олон улсын тавцанд гаргасан амжилтаар нь л дүгнэх боломжтой.

Харамсалтай нь олон улсад үнэлэгдэх кино гарах нь ховор байна. Нөгөө талаараа кино урлаг өөрөө бизнес учраас ашгийн төлөө киног хэр их гадаад дотоодод үзсэн гэдгээр нь дүгнэдэг. Тэгэхээр бид дэлхийн улсуудтай харьцуулбал хоцрогдолтой явж байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. 

Гэхдээ манай уран бүтээлчдийн хийж байгаа кино Монголынхоо түвшинд сайжирч байна. Харин олон улсын төвшинд илүү сайжирч, сайн мэргэжилтнүүдтэй баг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн олон улсын киноны зах зээлийг ойлгодог, туршлагатай уран бүтээлчидтэй хамтран дэлхийн киноны зах зээлд өрсөлдөхүйц бүтээлийг олноор нь хийх хэрэгтэй байна. Үүнийг хувийн хэвшил, байгууллагууд, төр засаг, яамд, тамгын газруудтай хамтран хийх ёстой.

Учир нь бид киногоор дамжуулж Монголынхоо түүх, ёс заншил, соёлоо дэлхийд таниулах төдийгүй Монголчууддаа таниулж, тэдэнд кино боловсрол олгох маш том боломж юм.

 

- Таны хэлдгээр кино бол олон нийтэд нөлөөлөх хамгийн хүчтэй “зэвсэг”. Тиймээс кино урлагаар дамжуулан хүмүүсийг соён гэгээрүүлэх тал дээр бидэнд ямар боломж байна вэ?

Бид хотын соёлын тухай кино хийх ёстой. 

- Зөвхөн хотод төрж өссөн хүн биш хотод амьдарч байгаа л бол та хотын соёл гэж юу болох талаар мэддэг байх ёстой, хэм хэмжээг нь дагадаг байх ёстой. Хот бол бидний гэр, ариун гал голомт маань шүү дээ. Манайхан чинь гэртээ хог хаяж, шүлсээ нулимдаггүй биз дээ.  

Бид иргэдээ илүү соёлтой, хөдөлмөрч, ухамсартай, хариуцлагатай, ёс зүйтэй, жудагтай тэгээд хамгийн гол нь бие биенээ хүндэлдэг болгох хэрэгтэй байгаа юм.

Үүнийг л Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУЯ, НЗДТГ нь хувийн хэвшлүүдтэй хамтраад хотын соёлын тухай кино хийж, иргэддээ ойлгуулах ёстой. Гэхдээ кино бүтээхдээ хотын соёл ийм байх ёстой эсвэл тийм байх ёсгүй гэж шууд хэлэх биш амьтай, амьдралтай, хайр сэтгэлтэй, нийгмийн төлөөлөл болсон дүрүүдтэй нэмээд Улаанбаатарынхнаа бодит байдлыг харуулсан уран бүтээл хийж байж хүмүүст хүрнэ.

“Тусгай салаа” киног аваад үзье л дээ. “Төрийн албанд ажиллах гэж цэрэгт явж байгаа юм аа” гэж нэг байлдагчийн хэлсэн үг төрийн албан хаагч болохоор бэлтгэж байгаа бүх залууст цэрэгт явах ёстой юм байна аа гэдгийг төвөггүй ойлгуулж, цаашлаад цэрэгт явах эрчүүдийн тоог хэд дахин өсгөсөн байдаг. 

Эрчүүд цэрэгт явна гэдэг чинь зөв төлөвшсөн, эрүүл чийрэг, ухаан саруул ирээдүйгээ бэлдэж байна гэсэн үг. Кино урлаг ийм л хүчтэй байгаа юм. 

Тэгэхээр бид яг үүн шиг хотын соёлын тухай кино хийх ёстой. 

Тэгэхээр хотын соёлыг нэн тэргүүнд кино урлагаар дамжуулж түгээх шаардлагатай гэж ойлголоо. Тэгвэл бид хэзээнээс ажил хэрэг болгож эхлэх вэ?

Уг нийтлэлийг танд Юнителийн эерэг хандлага, зөв дадалд уриалагч "Зөв гэр бүл" хөтөлбөр, ikon.mn-тэй хамтран хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу?

- Бид олон ангит телевизийн киноны төсөл, уран сайхны хоёр ч киноны төсөл дээр ажиллаад явж байна. Энэ төслүүд дээрээ хотын соёлын тухай хэд хэдэн хүчтэй мессэжүүд оруулж байгаа. 

Үүнээс гадна энд нэг зүйлийг уриалмаар байна. Хувь уран бүтээлчид, кино компаниудтайгаа хамтраад хотын соёлын тухай төсөл хэрэгжүүлье, чанартай сайн уран бүтээл бүтээе.  

Ер нь бодлогын чанартай төрийн бодлогоор дэмжигдэх, ашгийн бус бүтээлүүд бас байх ёстой. Нөгөө талаас бизнесийн байгууллагууд бол кино бизнесийн зарчмаараа ажиллана. Хамтраад аль алиныг нь ч хийж болно. Миний хувьд чанар, урлагийн өндөр түвшинд хийсэн, ёс суртахуунтай мөртлөө давхар ашиг олдог тийм л киног хамтдаа бүтээцгээе гэж хэлмээр байна. 

Энэ бол цоо шинэ ажил биш. Манайд кино урлагийн зөв, сайн бодлоготой байсан үе бий. Жишээлбэл, “Аман хуур” кино байна. 1963 онд хийгдсэн кино. Нийслэл хотод маань бүтээн байгуулалт явж байх үед Дарь гээд хөгшин манай эцгийн гал голомт гээд газраа чөлөөлж өгдөггүй. Тэгээд яваандаа хотын хөгжлийг ойлгоод, хотын хүн бол хотын соёлтойгоо зэрэгцэж, зөв амьдрах ёстой гэж бодоод нүүдэг.

Ганц киногоор дамжуулан нийгмийг тэр чигээр нь өөрчилж, Улаанбаатар хотод минь барилга сүндэрлэж эхэлсэн. Бидэнд одоо энэ л дутагдаж байна. 

 

Бид гадаадын, солонгос олон ангит кинонд их автаж, даган дуурайж байгаа. Нэг талаараа Монголыг эзлэх гэсэн соёлын довтолгоо гэж ярьдаг хүмүүс ч бий. Гэтэл бид чинь Монгол хүмүүс, Монгол киногоо даган дуураймаар байдаг. Монгол кино үзэгчиддээ ямар мессэж хүргэж байх ёстой юм бэ?

Манайхан гадаадын кинонд хэт их автаж, Монголоо алдаад байна.

- Кино урлагийн бодлогын хувьд тусгаар тогтносон ардчилсан Монгол улсад оршин тогтноод ердөө 27 жил болж байна. Энэ хугацаанд их л юм үзэж, олон даваа нугачааг давсан. Одоо харин кино урлагаараа дамжуулж Монгол хүний үнэт зүйлс, ахуй амьдрал, жаргал зовлон, бодол сэтгэл, нүүдлийн болон хотын соёлыг л харуулах хэрэгтэй. Ингэж байж Монгол хүн Монголоороо үлдэж, ирээдүйн хүүхдүүддээ соёлын том өвийг үлдээж чадна. Нэг үгээр хэлбэл, ямар ч мессэж хүргэлээ гэсэн Монголын тухай л байх ёстой байхгүй юу. Мэдээж олон улсын сайн сайхан туршлагыг харж, хамтарч хэрэгжүүлэлгүй яахав

Гэхдээ би яагаад Монгол, Монгол гээд байна вэ? гэвэл манайхан гадаадын кинонд хэт их автаж, Монголоо алдаад байна. Залуу үеийнхэн бол бидэн шиг юмны цаад утгыг ухаж ойлгохгүй гадаадын хоол, хувцас, жүжигчин, нийгмийн амьдрал гээд гадаадын л бол бүгдийг шохоорхож, шүтдэг болоод байна шүү дээ. Энэ бол оюун ухаан, сэтгэлийн таашаал, ухаарал авчирдаг кино урлагаар дамжуулан соёлын довтолгоо буюу “зөөлөн хүч, нөлөөлөл” үзүүлж байгаа хэрэг л дээ. Үүнийг дагаад араас нь асар том бизнес явж байдаг. 

Ямар нэгэн шалтаг хэлж, олон юм ярилгүйгээр киночдыг шууд татвараас чөлөөлөх хэрэгтэй.

Тухайлбал, Солонгосын “ Дэ Жангум” гээд кино байна. Хүний дотоод сэтгэлзүйг нарийн судалж зохиол бичсэн, хэдэн ч удаа давтаж гаргасан үзэлт нь буурдаггүй кино байна. Энэ киноны нөлөөгөөр Монголд Солонгос хоолны газаргүй сум байхгүй болжээ.

- Төрийн зүгээс бүх кино уран бүтээлчдэд хотын соёлыг үзэгчдэд таниулж,  ойлгуулж дэлгэрүүлээч гэсэн бодлого чиглэл өгч, зохицуулж болох уу? 

- Таатай нөхцөлийг нь л бүрдүүлж өгөх нь чухал. Ямар нэгэн шалтаг хэлж, олон юм ярилгүйгээр киночдыг шууд татвараас чөлөөлөх хэрэгтэй. Төр таатай орчноо бүрдүүлэх ажлаа хийчихвэл эргээд киночдод хотын иргэдээ соёлжуулах үг, үйлдэл бүрийг кинондоо оруулж байгаач ээ гэж хүсэлт тавих, шаардах боломжтой болж байгаа юм. 

Саяхан би Юнителийн “Зөв бай л даа” рекламыг үзлээ. Манай томоохон компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийм өгүүлэмж сайтай, мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн, зөв мессэжүүдийг хүргээд эхлэхэд л олон нийт уухайлан хүлээн авч, зарим нь өөрсдийн буруу үйлдлээсээ ичиж, зовоод эхэлж байгаа юм

Тэгэхээр хотын соёлын тухай кино урлагаар дамжуулан хэлбэл нөлөөлөл нь хэд дахин илүү байж, хүмүүс ч ойлгоод эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. 

- Монголын орчин үеийн кинонуудаас таны бодлоор үзэгчдэд зөв мэдлэг, мессэж хүргэсэн кино юу байв?

- Би Монгол кино үзэх дуртай. Тэр дундаас онцлоод хэлбэл “Цагаан Хадаг”. Яагаад гэвэл бодлогын хувьд миний яриад байгаа Монгол хүний хүсэл мөрөөдөл, ахуй амьдрал, хөдөлмөрч зан, өндөр чадвар, дайчин чанарыг харуулж байгаа юм. Энэ кино бол Монгол хүүхдүүдэд асар их ухаарал, урам өгч чадсан. Бид ийм л киногоор үр хүүхдээ хүмүүжүүлмээр байна.

Холливүүдэд “Үнсгэлжингийн үлгэр” гэж байдаг бол энэ чинь Монгол үнсгэлжингийн түүх. Монголчууд энэ мэт, үүнээс ч илүү уран бүтээлүүд хийвэл олон хүнд сэтгэлийн дэм өгч, тэд буруу үйл хийхээ болино, соёлтой болно, өөдрөг амьдарна. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Цаашлаад олон улсын тавцанд ч Монголоо алдаршуулж чадна. 

 

- Бид олон улсад киногоо гаргахын тулд сайн чанарын уран бүтээл хийх ёстой байх. Үүний тулд уран бүтээлчид юуг хийх хэрэгтэй вэ?

Бид сайн, чанартай бүтээлдээ дэмжлэг үзүүлж, олон улсад гаргах хэрэгтэй.

- Сайн кино хийхийн тулд хөрөнгө оруулалт, санхүү маш их хэрэгтэй. Үүний тулд Монголын төр, үндэсний том хөрөнгө оруулагч компаниуд, кино үйлдвэрлэлийг сайн дэмжиж санхүүгийн эх үүсвэрийг гадна, дотроос бүрдүүлэх хэрэгтэй. 

Бусаны кино наадамд орсон "Алсын удирдлага" киног бүтээхэд төрийн зүгээс туслалцаа үзүүлж байсан. Яагаад гэвэл кино урлаг улс, соёл, түүх, бодлогыг сурталчилж, ард түмэнд хамгийн хурдан, бодитойгоор хүргэдэг үзэл суртлын том зэмсэг юм.

Бид сайн, чанартай бүтээлдээ дэмжлэг үзүүлж, олон улсад гаргах хэрэгтэй. Ингэж байж л бидэнд дэлхийн кино хийх боломж нь бүрдэнэ.

Мөн уран бүтээлчдийнхээ чадавхыг сайжруулахын тулд сургалт зохион байгуулах хэрэгтэй. Гадаадын туршлагатай хүмүүстэй хамтраад Монголынхоо уран бүтээлчдийн төвшинг дээшлүүлэх үр дүнтэй сургалтууд зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг төрийн бодлогоор дэмжиж, санхүүгийн шийдэн зохион байгуулах ёстой.

Олон улсын кино үйлдвэр барих төсөл санаачилж байсан. Энэ үйлдвэрийг барьснаар бидэнд ямар ашигтай вэ?

Монголчууд өнөөдөр олон улсын кино үйлдвэргүй байна. Яаралтай босгож, байгуулах хэрэгтэй. 

- Өмнө нь миний ярьсан бүх зүйлийг хэрэгжүүлэхийн тулд кино үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Мөн олон улсын том кино үйлдвэрлэгчид Монголын түүх соёлоор Монгол сэдэвтэй уран бүтээлүүдийг эрчимтэй хийж эхлээд нэлээн хэдэн жил болчихлоо. Сүүлд л гэхэд Юниверсал Пикчерс, Дуэйн Жонсон мөн Холливүүдийн топ шилдгүүд нийлээд Чингис хааны онгоны тухай кино хийх гэж байна. 

Марко Поло кино хийгдэж байх үед би Монгол талын продюсерээр хоёр жил ажилласан. Тэр үед надад Хубилай хааны тухай киноны зургийг Монголд яагаад авахгүй байгаа юм? гэсэн бодол төрсөн.

Үүний гол шалтгаан нь Монголчууд өнөөдөр олон улсын кино үйлдвэргүй байна. Чингис хааны онгоны тухай кино удахгүй хийнэ. Энэ киног  Монголдоо авах ёстой. Тэгэхийн тулд бид дэд бүтцээ яаралтай байгуулах хэрэгтэй. Кино үйлдвэрийн санхүүг яаралтай босгож, байгуулах хэрэгтэй. 

Би өнгөрсөн жилүүдэд кино үйлдвэр барих төслөө бичээд, санхүүгийн анхан шатны тооцоог нь гаргаад маш олон хүнд өгсөн. Өмнөх засгийн газрын ерөнхий сайд, мөн хувийн хэвшлийн томоохон бизнесийн төлөөллүүдэд өгсөн. Нэн түрүүнд энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Марко Пологийн нэг бүлэг гэхэд л 100 сая доллароор хийгдсэн. Тэр хүмүүс Монголд урт хугацаагаар зураг авахад хэчнээн олон хүн ажилтай, орлоготой болох вэ. Эдийн засагт асар сайнаар нөлөөлнө. Кинонд адуучин, оёдолчин, барилгачин, жолооч, манаач, цэвэрлэгч гээд нэрлэж болох бүхий л мэргэжил, ажилтнууд хэрэг болдог. Асар олон өөр өөр төрлийн мэргэжилтэй хүмүүс ажилтай орлоготой болдог. Мөн олон жилийн туршлагатай гадаадын кино багийнхнаас олон зүйлийг сурах боломж бидэнд нээгдэх юм.

Хүн бүр л үйлдвэрлэлийг хөгжүүлье гэж яриад байдаг. Яг үнэндээ кино урлаг чинь маш том соёлыг, эдийн засгийг үйлдвэрлэдэг үйлдвэр юм.

- Сүүлийн асуулт. Ерөнхийлөгчийн кино урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхийн хувьд хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? 

- Энэ сардаа багтаад кино салбарын уран бүтээлчид, компаниуд, болон яам, тамгын газрынхныг уриад Төрийн ордонд чуулга уулзалт хийх төлөвлөгөөтэй байна.

Энэ уулзалт дээр Ерөнхийлөгчийн баримталж явах кино урлагийн бодлогыг танилцуулна. Мөн богино хугацаанд хэрхэн Монголын кино урлагийг хөгжүүлж дараагийн тавцанд гаргах вэ? гэдгийг хэлэлцэх болно. Гэхдээ хэлэлцэхээсээ илүү шууд, шулуун хөрөнгө оруулалтуудыг татан авчрах, татварын таатай орчин бүрдүүлэх чиг шугамыг баримталж ажиллана. Ярьж биш хийж байж л өөрчлөлт гаргах хэрэгтэй байна.

Яагаад гэвэл Монгол улсынхаа хөгжил дэвшил, иргэний соёл, боловсрол, түүх, хувь хүний хөгжлийг зөвхөн кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэж, хөгжүүлж чадах юм.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.