Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Болд: Солонготын давааны осол болсон газарт мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна

ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

- Химийн бодис ачиж явсан машин осолджээ -

Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс урд зүгт 45 км-т Цэцүүх багийн “Солонготын даваа”-нд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сум руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан осол гарчээ. Энэ тухай дуудлага 9 сарын 10-ны өдрийн 04:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Осол гарсан газар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн 50 настай, эрэгтэй Б-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт нас барсан иргэн 46 настай Г-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн иргэд гээд нийт 27 хүн 6 орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Мэдээллийн дагуу бид Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд болон “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн захирал Ш.Ганбат нараас тодрууллаа.

Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болд "Завхан аймгийн Солонготын даваанд гарсан ослын улмаас давсны хүчил 4 тонн, азотын хүчил бага зэрэг ер нь бол 40 литр асгарсан болов уу гэсэн тооцоотой байна. Манай газрын алба хаагчид газар дээр нь мэргэжлийн хүмүүстэй хамтран хөрс хуулалт, саармагжуулалт хийн ажиллаж байгаа. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх онц ноцтой аюул нь харьцангуй гайгүй.

Саармагжуулалт бүрэн хийсний дараа хөрс, ус бусад шаардлагатай газруудаас дээж авна гэсэн. Одоогоор газар дээр нь онцгой байдлын газрын албаныхан болон сум орон нутгаас хүмүүс ажиллаж байна. Бидэнд өгсөн мэдээллээр давсны хүчил нь хоруу чанар багатай гэсэн. Осол болсон газар ажиллаж байгаа хүмүүс хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан байгаа.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын  байгууллагаас үзлэг, шалгалт хийж Солонготын даваагаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой гэж дүгнэсэн тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. 

“Си Ар Си Ар Ти” ХХК-ийн захирал Ш.Ганбат: Осол гарсан шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Бидэнд өгсөн эхний мэдээллээр жолооч нь үүрэглэсэн байх магадлалтай гэсэн. Жолоочийн хувьд олон жил ажилласан туршлагатай жолооч.

Манай компанийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болсон. Өмнө нь осол гаргаж байсан тохиолдол байхгүй. Сая л ийм айхавтар юм болчихлоо. Осол гарснаас хойш хоёр өдөр унтаж ч чадсангүй, хоол ч орохгүй байна. Ямартай ч осолдсон машин, ачаа бараагаа зөөж авчрах ажлыг л хамгийн түрүүнд хийлээ. 

-Осол гаргасан жолоочийн хувьд ажлын ачаалал хэр байсан бэ?

-Улаанбаатраас уурхай хүртэл 1,250 км. Энэ замыг том тэрэг 3-4 хоногт туулах хуваарьтай. Жолооч бол тогтоосон маршрут, хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцсон байналээ. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг замд гарахын өмнө бүх жолооч нарт өгдөг.

-Хохирлыг барагдуулах тал дээр яаж ажиллах вэ?

-Хүний амийг мөнгөөр үнэлэхгүй ч үүссэн асуудлыг шийдсэний дараа л хохирол барагдуулах тухай яригдах байх даа. Одоогоор манай зүгээс унасан машиныг холдуулах, давсны хүчил, азотын хүчил асгарч нэвчсэн хөрсийг хуулж, ачиж зайлуулах, саармагжуулалтын ажлыг л хийж байна. 

 

Эх сурвалж: Eagle TV