Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын эсрэг хоригийг хэрэгжүүлэхгүй бол долларын системээс салгана гэж Бээжинг АНУ сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хойд Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хоригийг хэрэгжүүлэхгүй бол Хятадын эсрэг эдийн засгийн хориг тавина гэж АНУ-ын сангийн нарийн бичгийн дарга анхаарууллаа.

Уг хоригт Бээжинг АНУ-ын санхүүгийн системээс бүрэн тусгаарлах арга хэмжээ багтаж байгааг Стивен Мнучин өчигдөр мэдэгдсэн байна. Нью Йорк хотод болсон хурал дээр тэр “Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн дайн нэгэнт эхэлсэн” гээд “Хойд Солонгостой худалдаа хийхийг сонирхож байгаа хэнийг ч бид манай улстай худалдаа хийхийг хүсэхгүй байна гэж ойлгох болно” гэжээ.

“Хэрвээ Хятад улс энэ хоригийг дагахгүй бол бид тэдний эсрэг нэмэлт хориг тавьж, АНУ-ын болон олон улсын долларын системд хандах боломжгүй болгоно” хэмээн Мнучин мэдэгдсэн байна.

АНУ өнөөг хүртэл Хятадад эдийн засгийн хориг тавихаас цааргалж ирсэн нь Бээжингийн хариу цохилтоос болгоомжилсон хэрэг байв. Хэрвээ ингэвэл дэлхий дахины эдийн засагт хортой үр дагавартай юм.

Вашингтон Бээжинтэй хийдэг худалдаанаас жил бүр $350 тэрбумын алдагдал хүлээдэг. Бас АНУ-ын нийт гадаад өрийн 28 хувь буюу $1 их наядын өрийг Хятад улс эзэмшиж байгаа.

Тэгвэл Вашингтон анх удаагаа Хятадын эсрэг зоригтой дуугарсан нь энэ болж байгаа юм.

Өчигдөр бас АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны зөвлөлийн дарга Эд Ройс хоригийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Хятадын банкнуудын эсрэг хориг арга хэмжээ нэмж авах хэрэгтэйг конгресст болсон сонсголын үеэр хэлсэн байна. Тэрээр Хойд Солонгосын эсрэг тавигдсан хоригийг Бээжин хэрэгжүүлэхдээ хойрго байдгийг дурдаад Хятадын банкнуудад “Хойд Солонгостой эсвэл АНУ-тай хамтарч ажиллах сонголтын аль нэгийг тулгах хэрэгтэй” гэжээ.

Өчигдөр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын тавьсан шинэ хоригийн үр дүнд эргэлзэж байгаагаа нуугаагүй байна. Тэрээр тус улсад айлчилж байгаа Малайзийн ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Бид хоригийг ээлжит жижиг алхам, тийм ч том зүйл биш гэж харж байна. Үр дүнд хүрэх эсэхийг би хэлж мэдэхгүй” хэмээн ярьсан юм.

АНУ-ын санаачилсан эдийн засгийн хоригийн төслийг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн Даваа гарагт санал нэгтэй баталсан. Гэхдээ тогтоолын анхны хувилбарыг ОХУ, Хятадын талтай хэлэлцсэний дараа өөрчилж, зарим заалтыг нь сулруулсан юм.

 

Эх сурвалж: Russia Today