Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дараагийн 10 жилийг тодорхойлох iPhone X

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ анх удаа өөрийн сансрын хөлөг хэлбэртэй оффист, Стив Жобсийн нэрэмжит театрт зохион байгууллаа.

Apple энэ удаа 3 төрлийн iPhone гар утас, шинэ Apple TV, шинэ Apple Watch гэсэн таван бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Эдгээрээс цоо шинэ, онцлох бүтээгдэхүүн бол “iPhone X” байлаа.

 “iPhone Ten” хэмээн дуудагдах уг бүтээлийг Тим Кук ухаалаг гар утасны дараагийн 10 жилийн түүхийн эхлэл гэж нэрлэсэн юм.

Үнэхээр ч хийц хэлбэр, технологийн дэвшил, хэрэглэх арга хэлбэр, гоо зүй гээд бүх талаасаа өөр, өвөрмөц бүтээгдэхүүн болсон байна.

Ингээд iPhone X-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

 


Хийц хэлбэр, гадаад үзэмж

  • Өмнөх загваруудаас өөр хийц хэлбэртэйгээрээ ялгарч байна
  • Дэлгэц нь нүүрэн талыг бүхэлд нь эзэлсэн бөгөөд зөвхөн дээд хэсэгт орших нарийн хар оруулга дээр камер, яригч, микрофон, бүх мэдрэгчүүд бөөндөө байрлажээ
 

 

  • Эх биеийн нүүр ба ар тал нь зурагддаггүй шилээр хийгдсэн ба бүх талаасаа сайн чанарын ган (stainless steel) хийцийн хүрээгээр хамгаалагдсан
 

 

  • Өнгөний хувьд МӨНГӨЛӨГ ба ХАР СААРАЛ гэсэн хоёр сонголттой байна
 

 

  • Ямар нэг HOME товч, хурууны хээ уншигч огт байхгүй
  • Ус ба тоосны хамгаалалттай

 


Дэлгэц

  • iPhone-ий хувьд анх удаагаа OLED технологитой дэлгэц суурилуулжээ
  • Гэхдээ энэ нь уламжлалт OLED биш, илүү өнгөний ялгарал, тодрол бүхий шинэ технологи гэдгийг танилцууллаа
  • Тодруулбал “iPhone-ий шаардлагад нийцсэн анхны OLED” гэж танилцуулгыг хийсэн Фил Шиллер онцолсон юм
 

 

  • Дэлгэцний чадлыг “Super Retina” гэж Apple нэрлэжээ
  • 5.8 инчийн дэлгэц нь 2,436 x 1,125 цэгийн багтаамжтай бөгөөд 458ppi цэгийн нягтралтай, 1,000,000:1 контраст харьцаатай
  • TrueTone дэлгэцийн тенологийг нэвтрүүлсэн байна

 


Face ID

  • HOME товчийг хассан тул дэлгэцийг “сэрээхдээ” нүүрний хаа нэгтээ хуруугаараа товшиход л болох аж
  • Харин дэлгэцний цоожийг нээхийн тулд Face ID хэмээх нүүр таних цоо шинэ арга хэрэглэдэг болжээ
 

 

  • Өмнөх хурууны хээ уншдаг технологийг Face ID бүрэн орлох болсон байна
  • Утсыг нээхийн тулд дэлгэц рүүгээ харахад л хангалттай
  • Face ID технологийг нэвтрүүлэхийн тулд Apple нүүрний камерт TrueDepth технологийг хэд хэдэн мэдрэгчийн хамт суулгасан байна
  • Эдгээрийн тусламжтайгаар хүний нүүрийг харанхуй, гэрэлтэй ямар ч орчинд, үстэй, үсгүй, нүдний шилтэй, малгайтай гээд аль ч тохиолдолд баталгаатай таньж чадах ажээ
 

 

  • Мөн хүний нүүрэнд гарах өөрчлөлтийг (таргалах, турах, хөгшрөх) тасралтгүй мэдэрч, таньж чадах юм
  • TrueDepth технологийн цаана хиймэл оюун (AI) бүхий “neural engine” боловсруулагч A11 чипний нэг хэсэг болон ажиллаж байгаа нь ийм онцгой чадварыг бий болгож байгаа гэнэ
  • Хурууны хээ уншигч нь 50,000 хүн тутамд нэг давхцах магадлалтай байсан бол Face ID нь 1,000,000 хүн тутамд нэг давхцах магадлалтай
  • Өөрөөр хэлбэл нууцлал нь эрс нэмэгдсэн байна
  • Face ID-ийг төлбөр хийх Apple Pay хэрэглээнд ашиглаж болохоос гадна бусад гуравдагч апп хөгжүүлэгчид ч ашиглах боломжтой гэнэ

 


Амьд эможи

  • Дээр өгүүлсэн TrueDepth технологийн тусламжтайгаар хүний нүүрний хувирлыг шууд боловсруулж, эможи дүрсийг амилуулдаг болжээ
  • Үүнийг Apple “animojis” гэж нэрлэсэн байна
 

 

  • Өөрөөр хэлбэл та төрөл бүрийн эможиг өөрийн нүүрний хувирал, дуу хоолой, амны хөдөлгөөнөөр амь оруулж амьд дүрс үүсгэснээ бусад руу илгээх боломжтой
  • Хүлээн авагч нь таны дуу хоолойтой, таны нүүрний хувирлыг харуулах эможиг үзнэ гэсэн үг юм
  • Аниможи хэрхэн ажилладгийг дараах танилцуулгаас үзээрэй:

 


Утасгүй цэнэглэгч

  • Apple компани анх удаагаа iPhone-д утасгүй цэнэглэх технологийг нэвтрүүлжээ
  • Apple-ийн өөрийнх нь утасгүй цэнэглэгч AirPower ирэх онд зах зээлд гарах бол бусад үйлвэрлэгчдийн Qi стандарттай цэнэглэгчийг эхнээсээ ашиглаж болох гэнэ
 

 

  • Apple-ийн өөрийн үйлдвэрлэх цэнэглэгч нь нэг зэрэг iPhone, Apple Watch, AirPods (утасгүй чихэвч) зэргийг хамт цэнэглэж чадах ба цэнэглэх явцийн мэдээллийг iPhone-ий дэлгэцэн дээр нэгтгэж харуулдаг байх юм

 


Камер

  • 12 Мегапикселийн хос камер нь өмнөх загвараасаа илүү том, хурдтай мэдрэгчүүдтэй, сайжирсан флаш гэрэлтэй болсон тул AR (Augmented Reality) хэрэглээг дэмждэг болсон байна
 

 

  • Тухайлбал AR технологитой тоглоомнуудыг тоглоход гайхалтай хурдан ажиллагаатай, нарийвчлал сайтай болсон ажээ
  • Анх удаа хос камер хоёул оптик дүрс тогтворжуулагтай болсон байна
  • Телефото дуран нь f/2.4 үзүүлэлттэй бол өргөн өнцгийн дуран нь f/1.8 үзүүлэлттэй
  • quad-LED True Tone флаш гэрэлтэй болсноор объектийн гэрэлтэлтийг хоёр дахин нэмэгдүүлжээ

 


Бусад үзүүлэлтүүд

  • Шинэ A11 Bionic процессорыг iPhone X болон iPhone 8 загваруудад нэвтрүүлжээ
  • Энэ нь 2 performance, 4 high-efficiency, нийт 6 цөмтэй
  • Apple-ийн зохион бүтээсэн анхны GPU график процессорыг багтаасан
  • A11 нь 600 тэрбум үйлдлийг нэг секундэд гүйцэтгэдэг, efficiency цөм нь өмнөх А10 Fusion процессороос 70 хувь илүү хурдтай, performance цөм нь 25 хувь илүү хурдтай
 

 

  • Advanced LTE сүлжээ дэмждэг, Bluetooth 5 стандартын утасгүй холбогчтой
  • Оновчтой бүтэц, баттерейн шинэ дизайн нь iPhone 7-оос хоёр цаг илүү удаан ажиллах боломж олгожээ
  • Шинэ GPU график процессор нь өмнөх A10 Fusion процессороос 30 хувь илүү хурдтай

 


Үнэ, зах зээлд гарах хугацаа

  • iPhone X бүтээгдэхүүн нь 64GB ба 256GB хоёр сонголттой
  • Үнийн хувьд $999 (64GB), $1,149 (256GB) байна
  • Урьдчилсан захиалга нь аравдугаар сарын 27-нд эхэлж, арваннэгдүгээр сарын 3-наас эхлэн худалдаалагдаж эхлэх ажээ
 

 

iPhone X-ийн талаар Apple-ийн ерөнхий дизайнер Жонни Айв ийнхүү ярьж байна:

Эх сурвалж: Apple