Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын туршилтын талбайгаас цацраг идэвхит бодис алдагдах магадлал нэмэгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Туршилтын өмнө ба дараах хөрсний өөрчлөлтийг хиймэл дагуулын зураг дээр харьцуулсан байдал

Есдүгээр сарын 3-нд цөмийн зэвсгийн туршилт явуулсан Хойд Солонгосын Пунги Ригийн талбайгаас цацраг идэвхит бодис тархах магадлал өндөр байгаад олон улс орнууд санаа зовж эхэлжээ.

Тус дэглэмийн зохион байгуулсан зургаан туршилтын дөрвийг нь 2011 онд төрийн эрхийг авсан Ким Жон Уны үед зохион байгуулсан юм. Өмнө нь 3-4 жилийн хугацаанд нэг туршилт явуулдаг байсан бол Ким Жон Уны үед ердөө найман сарын хугацаанд гурван туршилт хийсэн нь байдлыг хүндрүүлж байна.

Мөн түүний санаачилсан бүх туршилтууд Пунги Рид хийгдсэн. Ингэснээр Пунги Ригийн газар доорх туршилтын хонгил нурах аюул нүүрлээд байгааг судлаачид хэлж байгаа юм.

Хэрвээ ингэвэл тэнд хуримтлагдсан цацраг идэвхит бодис гадагш тарах аюултайг Өмнөд Солонгосын Сежон Хүрээлэнгийн ахлах судлаач Пэк Хак Сон хэлжээ.

Мөн сүүлийн туршилтын дараа Хятадын байгаль орчны яам Хойд Солонгостой хил залгаа дөрвөн мужийн нутагт цацраг идэвхийн хэмжилт хийсэн байна. Хэмжилтийн дүнд сэжигтэй зүйл илрээгүй ч цаашдаа аюул нэмэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Хятадын судлаач Вэй Шиже энэ талаар The Telegraph сонинд ярихдаа “Байдал ноцтой байна. Цацраг идэвхит бодис алдагдах нь гарцаагүй” гэсэн юм.

Тэр цааш нь “Бидэнд цацраг идэвхит бодис бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал. Учир нь туршилтын хонгилын дээрх уулын хөрсөнд хагарал үүссэн тул гадагш алдагдаж эхлэх нь тодорхой байна” гэжээ.

“Бас нэг том асуудал нь туршилтын хонгилын ойролцоох хөрсний ус хордож, тэр нь ургамал, амьтанд нөлөөлж, эцэстээ хүнд нөлөөлөх аюултай” гэж Вэй Шиже ярьсан байна.

Өнгөрсөн Баасан гарагт Сөүл хотын Цөмийн Аюулгүй Байдлын Зөвлөл хөрс, агаар, усны дээжид шинжилгээ хийсний дараа ксенон хэмээх цацраг идэвхит бодис илрүүлснээ мэдээлжээ.

Илэрсэн бодисын хэмжээ шоо метр тутамд 0.43 милибэкуэрэл байгаа ба үүнийг зургаа дахь цөмийн туршилттай холбоотой эсэхийг шалгаж эхэлсэн байна.

Гэхдээ илэрсэн бодисын хэмжээ хүн амд аюул учруулахуйц биш байгааг тэд бас мэдээлжээ.

Хойд Солонгосын туршилттай холбоотой өөр нэг асуудал урган гарсан нь галт уулын дэлбэрэлт юм. Пунги Ри талбайгаас баруун хойд зүгт 114 км зайнд Хятад-Хойд Солонгосын хил дээр Бэкду галт уул оршдог.

Аюулгүй байдлын асуудлаар шинжилгээ хийдэг Rand Corporation байгууллагын мэргэжилтэн Брюс Беннет тавдугаар сард CNN сувагт ярихдаа цөмийн туршилт энэ уулыг идэвхжүүлж магадгүй тухай өгүүлжээ.

Хил дээр оршдог энэ уул идэвхжиж дэлбэрвэл Хятад, Хойд Солонгос хоёуланд нь аюултай гэнэ. Тэрээр “Илүү хүчтэй туршилт хийвэл галт уул идэвхжих боломжтой. Хятадын тал олон жилийн турш үүнээс болгоомжилж байгаа” гэжээ.

Хойд Солонгостой холбоотой судалгаа хийдэг АНУ-ын “38 North” байгууллага туршилтын дараа газрын хөрсөнд эвдрэл гарсныг хиймэл дагуулын зурагнаас шинжилж илрүүлсэн юм.

Тэд ч бас туршилт ойр ойрхон үргэлжилбэл Бэкду галт уулыг идэвхжүүлж болзошгүй байгааг анхааруулжээ.

Хойд Солонгосын дэглэм цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлэх тусам цацраг идэвхит бодисын тархалт, галт уулын дэлбэрэлтийн аюул зэрэгцэн нэмэгдэхээр байгаа нь эндээс харагдаж байна.

 

Эх сурвалж: Korea Times