Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ: Мьянмарын эрх баригчдын үйлдэл бол үндэстнээр нь хоморголон устгах явдлын тод жишээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

НҮБ-аас өнөөдөр Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг явуулж буй Мьянмарын засгийн газрын ажиллагааг буруутгаж, уг үйлдлийг “үндэстнээр нь хоморголон устгах” явдлын тод жишээ гэж мэдэгдлээ.

 НҮБ-ын Хүний Эрхийн дээд комиссар Зэйд Раад аль Хуссэйн өнөөдөр Женев хотод болсон хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр Мьянмараас Бангладешт 270,000 гаруй хүн дүрвэж ирээд байгаа, өөр олон хүн хилийн цаана хашигдаад байгаа, тосгон суурингуудыг галдан шатааж, энгийн хүмүүсийг шүүхээс гадуур алж байгааг мэдээлжээ.

Тэрээр Мьянмарын засгийн газрыг Рохинжа цөөнхийн эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалж, нөхцөл байдлыг “үндэстнээр нь хоморголон устгах явдлын тод жишээ” гэж нэрлэсэн байна.

Цэргийн ажиллагаа өнгөрсөн сарын 25-нд Рохинжа хүмүүсийн голлон суудаг Рахин мужид эхэлсэн юм. Тухайн үед үндэс нэгтнүүдээ хамгаалах гэсэн босогчид Мьянмарын цагдаагийн газарт довтолсноос үүдэлтэй ийм залхаан цээрлүүлэлт эхэлсэн гэгдэж байгаа.

Рахин мужид болж байгаа хэрэг явдлын баталгаа нь хил даван голын усанд урсан ирж байгаа хүмүүсийн цогцос, хиймэл дагуулаас буулгасан шатсан тосгон суурингуудын зураг болж байгаа юм.

Мьянмарын эрх баригчид 1.1 сая Рохинжа хүмүүсийг Бангладешаас ирсэн гадны дүрвэгчид гэж үзэн, иргэний ямар ч эрх эдлүүлдэггүй.

1982 оны хуулиар Рохинжа хүмүүсийг Мьянмарын иргэн байх эрхийг хассанаар манай гарагийн хамгийн олон тоотой харьяалалгүй үндэс угсаатнуудын нэг болгосон байна.

Ингэснээр тэдний шилжин явах, ажиллах, гэр бүл зохиох, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах бүх эрхийг үгүй хийж, системтэйгээр ялгаварлан гадуурхаж эхэлжээ.

Төвдийн шарын шашны тэргүүн Далай Лам Мьянмарын эрх баригчдыг “Будда бурхныг санах хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд Будда бурхан ядарсан муслимуудад туслах байсан нь тодорхой” гэж мэдэгдсэн байна.

Далай Лам бас Мьянмарын удирдагч Аун Сан Су Чид хэдэн жилийн өмнө Нобелийн шагнал гардаж авах үед нь ийм үгсийг захиж байснаа дурссан юм.

Хэдийгээр Мьянмар нь Буддын шашинтай орон боловч Төвдийн шашнаас өөр урсгалыг дагадаг, Далай Ламыг тэргүүнээ гэж үздэггүй гэнэ.

 

Эх сурвалж: Independent