Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын цалин нэмэх шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багш нар нийгмийн хангамжаа сайжруулах үүднээс "Цалин нэмэгдүүлэх түр хороо"-г өнөөдрөөс яг нэг сарын өмнө байгуулан ажиллаж, хамтдаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж жагсацгаасан. Харин өнөөдөр 21 аймгийн багш  нарын төлөөлөл цуглан цалин нэмэх шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.

Орон нутгаас хүрэлцэн ирсэн багш нарын санал сэтгэгдлийг хүргэе.

Орхон аймгийн багш н.Амгалан "Би Орхон аймгийнхаа 1,800 гаруй багш нарыг төлөөлөн энд хүрэлцэн ирсэн. Бид цалин нэмэгдүүлэх шаардлагыг аймаг сум дүүргийнхээ албаныханд хүргүүлсэн. Тэдгээр эрх мэдэлтнүүд дүлий дүмбэ оргиод шаардлагыг хүлээж авахгүй бол бид ажил хаяна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Говь-Алтай аймгийн багш  н.Энхбаатар "Хаа байсан 1,400км замыг туулаад өнөөдөр мэдэгдэл хийх гээд ирлээ. Цалинг нэмэхгүй бол 1000км-н холоос хамаагүй бид ирэх л болно. Өнөөдөр багш нарын эрх зүй, эдийн засгийн асуудал маш хүнд байна. Төр засаг үүнд анхаарлаа хандуулаач ээ" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Завхан аймгийн багш н.Лхагвасүрэн "Би багшаар ажиллаад долоон жил болж байна. Өнөөдөр би залуу хүн, бас айл гэрийг авч явах ёстой гэрийн эзэн. Гэтэл би гэр бүлээ тэжээхэд цалин хаанаа ч хүрдэггүй. Өнөөдөр боловсролын салбарт багшаар ажиллах эрэгтэй боловсон хүчин дутмаг байна.

Ихэнх чадвартай боловсролтой залуучууд цалин сайтай инженер, технологийн салбарын мэргэжил сонгож байна. Бидний гарт Монголын ирээдүй байдаг.

Багш нарын цалин хангамжийн асуудал Монголын ирээдүйтэй шууд холбоотой. Тиймээс хамгийн түрүүнд хамгийн чухал салбар болох боловсрол эрүүл мэндийнхээ салбарт анхаараач гэж хүсье.

Багш нар цалинг 1,600,000₮ хүргэхийг шаардсан. Тэд энэхүү цалин хийсвэр тоо биш гэдгийг хэлж байгаа бөгөөд энэхүү цалин хэрхэн зарцуулагдах талаар тооцоо судалгаа танилцуулсан юм. Хэрэв багш нар 1,600,000 төгрөгний цалин авбал дараах зүйлст зарцуулна.

  • Банкны зээл 570,000₮
  • Өдөр тутмын  хоол хүнсэнд 8,000₮ зарцуулбал 30 хоногт 240,000₮
  • Өдөр Ахуйн хэрэгцээнд 3,000₮ зарцуулбал сард 120,000₮
  • Өдөр тутмын харилцаа холбоондоо 5,000₮  зарцуулбал сард 150,000₮
  • Боловсрол эрүүл мэнддээ өдөрт 5,000₮ зарцуулбал сард 150,000₮
  • Хувцсанд 300,000₮
  • Хуримтлал 100,000₮

Ингэж чадвал 36 сарын дараа банкны чанаргүй зээл байхгүй болж 40 мянган өрх айл өрнөөс гарах боломжтой гэсэн юм.