Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркель Хойд Солонгосын асуудлыг шийдэх санал дэвшүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос саяхан устөрөгчийн бөмбөг туршсаны дараа Герман тэргүүтэй Европын орнууд тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрт өмнөхөөсөө илүү их анхаарал тавих болжээ.

Өчигдөр буюу Ням гарагт орон нутгийн сонинд ярихдаа Германы канцлерь Ангела Меркель 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийг нь царцаах хэлэлцээр шиг арга механизм хэрэглэх саналтай байгаагаа ярьсан байна.

2015 онд Австрийн нийслэл Вена хотод Герман болон НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван улсын төлөөлөл хамтран Ирантай хэлэлцээр хийж, цөмийн хөтөлбөрийг нь зогсоох тохиролцоонд хүрсэн юм.

Меркель “Ийм механизм хэрэглэн Хойд Солонгосын сөргөлдөөнийг эцэслэх боломжтой гэж би харж байна. Энэ үйл хэрэгт Европ, тэр дотроо Герман улс маш идэвхитэй оролцоход бэлэн байна” гэжээ.

Венийн хэлэлцээрийн дүнд Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө хүрээг хязгаарлаж, цөмийн зэвсэг бүтээхгүй гэсэн амлалтыг олон улсын хамтын нийгэмлэгт өгсөн юм.

Гэвч Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө ямар ч тохиролцоо буултаар солихгүй гэсэн мэдэгдлийг дахин дахин хийж байгаа. Өнгөрсөн амралтын өдөр Ким Жон Ун өөрийн цэргийн удирдагч нар, эрдэмтэд, техникчдийг оролцуулсан томоохон хүлээн авалт хийж, тус улсын зургаа дахь цөмийн зэвсгийн туршилтыг амжилттай болсныг тэмдэглэжээ.

Өнөөдөр буюу Даваа гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл АНУ-ын санаачилсан шинэ хоригийн тогтоолын төслийг хэлэлцэх гэж байгаа. Энэ удаа Хойд Солонгосын газрын тосны нийлүүлэлтийг хориглох шийдэл яригдах юм.

Европчууд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хурц мэдэгдлүүд дайнд хүргэхээс болгоомжилж, Солонгосын хойгийн яриа хэлэлцээрт оролцох сонирхлоо ийнхүү илэрхийлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times