Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар “нууц камер”-ны эсрэг ажиллагаа явуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Цагдаагийн илрүүлсэн нууц бичлэг хийдэг камернууд

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын цагдаа нууц камераар бичлэг хийж, хувь хүний нүцгэн зургийг онлайн сүлжээнд тараах явдалтай тэмцэх томоохон ажиллагаа явуулжээ.

Өчигдөр буюу Ням гарагт тус улсын үндэсний цагдаагийн газар орон даяар 301 бичил камерын борлуулагчийг илрүүлж, шалгаснаа мэдээлсэн байна.

Мөн эдгээр камерны мэдээлэл дамжуулах радио зурвас нь хууль бус байсан долоон тохиолдол илрүүлжээ.

Өмнөд Солонгост ялангуяа эмэгтэйчүүдийн зургийг нууцаар буулгаж янз бүрээр хэрэглэдэг гэмт хэрэг газар аваад байгаа юм.

2006 онд ийм хэрэг 517 бүртгэгдэж байсан бол 2015 онд 7,730 болж нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн бие засах газар, хувцас солих өрөө зэрэгт нууцаар байрлуулсан камераар нүцгэн зургийг нь буулгаж аваад өөрсдөө үзэх, бусадтай хуваалцах, бүр онлайн орчинд зарах үзэгдэл нэмэгдээд байгаа юм.

Гэвч одоогийн хуулинд ийм гэмт хэргийг тодорхойлсон заалт байхгүй тул гэмт этгээдүүд шийтгэлгүй өнгөрдөг юм байна. Тиймээс Солонгосын Ардын Намын хууль тогтоогч Чан Бён Ван бичил камерны үйлдвэрлэгч, борлуулагчийг бүртгэлжүүлж, бүтээгдэхүүн тус бүрийн ашиглалтыг хянах хуулийн төсөл боловсруулаад байгаа аж.

Үүнээс гадна Ардчилсан Намын хууль тогтоогч Жүн Сун Хо одоогийн эрүүгийн хуулинд байгаа цоорхойг засварлаж, ийм төрлийн хэрэгт ял оноодог болгох өөрчлөлтийг оруулахаар бэлдэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Korea Times