Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Toyo Tires компани хийгүй дугуйгаа танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Японы Toyo Tires & Rubber Co компани Баасан гарагт хийгүй дугуйны туршилтын загварыг танилцуулсан байна.

“Noair” нэртэй уг бүтээгдэхүүнийг хэзээнээс зах зээлд нэвтрүүлэхээ хэлээгүй ч ирээдүйд автомашины дугуй ийм болно гэдгийг компанийн зүгээс мэдээлжээ. Дугуйн дотор талд 50 ширхэг резин тулгуурыг хийн оронд байрлуулсан нь дугуйн даацыг нэмэгдүүлж, донсолгоог сааруулах үйлчилгээтэй гэнэ.

Тус компани 2006 оноос хойш ийм дугуй бүтээхээр ажиллаж байгаа юм. Өмнөх загварууд нь өндөр хурдтай явахад боломжгүй байсан бол энэ удаа дээд тал нь 120 км/цаг хурдалж чадахаар болсон байна.

Мөн бат бэх чанар нь өмнөхөөсөө найм дахин нэмэгдсэнийг компанийн төлөөлөгч тайлбарлажээ. Баасан гарагт тэд автомашинд шинэ дугуйгаа угсарч, Осака хотын нэгэн зогсоол дээр явуулж үзүүлсэн нь тус салбарын компаниудын хувьд анхны ийм үзүүлбэр болсон байна.

Гэхдээ одоогоор Япон улсын замын хөдөлгөөний хуулинд хийгүй дугуй ашиглах талаар ямар ч заалт байхгүй тул амьдралд хэрэгжүүлэх боломжгүй байгаа.

Бусад үйлдвэрлэгчид, тухайлбал Bridgestone компани мөн уламжлалт хийтэй дугуйтай адил чанартай хийгүй дугуй бүтээхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Japan Times