Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Талын Марафон"-ыг зохион байгуулагч Тацүяа Коношитаг "Алтан-Очир" одонгоор шагнав

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Олимпийн Хороо биеийн тамир спортыг дэмжигч байгууллага хувь хүмүүсийг Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагнаж урамшуулдаг уламжлалтай билээ.

Тус шагналыг өнөөдөр Япон улсын "Шёова Холдингс групп"-ийн захирал Тацүяа Коношитад гардуулав. "Шёова Холдингс групп" нь энэ жил "Талын марафон" уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм. Цаашид ч тус марафоныг Монгол Улсын спортын брэнд арга хэмжээ болгоход өндөр ач холбогдол өгч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан, олон улсад сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тиймээс тус компанийн захирал Тацүяа Коношитагийн санаачилгыг үнэлэн “Алтан-Очир” одонг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардууллаа.

Шагнал гардуулсны дараа "Шёова Холдингс групп"-ийн захирал Тацүяа Коношита "Ийм хүндтэй шагнал хүртсэндээ маш их баяртай байна. 

Би багаасаа Монгол Улсад ирэхийг мөрөөддөг болсон. Тиймээс хоёр жилийн өмнө "Талын марафонд" оролцохоор Монгол Улсад ирсэн. Энэ үеэр олон эрч хүчтэй залуустай уулзаж, танилцсан нь хамтарч ажиллах үндэс болсон.

Энэ жил "Талын марафон" уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаадаа баяртай байна. Цаашид мэргэжлийн тамирчид болон энгийн иргэдийн биеийн тамир спортыг дэмжиж ажиллана" гэв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Талын марафон” 21 дэх удаагийн уралдаан энэ жил “Уужим сэтгэл, Уудам тал” уриан дор Есдүгээр сарын 10-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байгаа юм.