Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тацүяа Коношита: "Талын марафон"-ыг Монгол Улсын спортын брэнд арга хэмжээ болгоно

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Талын марафон” 21 дэх удаагийн уралдаан энэ жил “Уужим сэтгэл, Уудам тал” уриан дор Есдүгээр сарын 10-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар зохоин байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээг Монгол Улсыг олон улсад сурталчлах, спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн олон улсын томоохон арга хэмжээ болгох зорилго тавин ажиллаж байна.

Дараа жилийн марафонд хөл нүцгэн гүйлтийг оруулах бодолтой байна

 

Япон улсын "Шёова Холдингс групп"-ийн захирал Тацүяа Коношита “Би хоёр жилийн өмнө "Талын марафонд" оролцохоор Монгол Улсад ирж байсан. Харин энэ жил “Талын марафон” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаадаа баяртай байна. 

Цаашид энэ марафоныг Монгол Улсын спортын брэнд арга хэмжээ болгоход өндөр ач холбогдол өгч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан, олон улсад сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дараа жилийн марафонд хөл нүцгэн гүйлтийг оруулах бодолтой байна. Учир нь Монгол орны байгаль үүнд яг тохирно” гэсэн юм.

Энэ удаагийн тэмцээнд 10 гаруй орны 2,000 гаруй гүйлт сонирхогчид оролцоно

 

Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар “Энэ удаагийн тэмцээнд 10 гаруй орны 2,000 гаруй гүйлт сонирхогч болон шилдэг өсвөрийн тамирчид, их, дээд сургууль ЕБС-ийн оюутан сурагчид, цэргийн албан хаагчид, ахмад тамирчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно.

Марафон гүйлт Хүй долоон худагт болно. Оролцогчдын гүйх зай нь Зкм, 5км, 10км, 21 км байна. Зай тус бүрд шагналтай. Хамгийн холын зай болох 21 км -т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг уламжлал ёсоор хурдан удмын даагаар шагнана.

Энэхүү олон улсын марафон гүйлтийн 21 дэх удаагийн тэмцээн нь Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжил болон хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэх хөгжүүлэх үйлст жинтэй хувь нэмэр оруулж буйг онцлон хэлмээр байна” гэлээ.

Талын марафон уралдаан нь зөвхөн өрсөлдөж, түрүүлэх биш бие биендээ тусалж хамтдаа барианд орж бусдын төлөө сайн үйлс хийж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Оролцогчдыг http://msmarathon.mn/ хаягаар болон Спортын төв ордонд бүртгэж байгаа юм байна.

Энэ удаагийн “Талын марафон” уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо, Нүүдлийн Зурган Өгүүлэмж ТББ /Номадик Комикс/, ерөнхий ивээн тэтгэгчээр Япон улсын Showa Holdings групп, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал Жуулчлалын газар ажиллаж байгаа юм.