Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрлээр бичихүйн ухааны эзэн

Д.Цэрэннадмид
2017 оны 9 сарын 8
Зууны мэдээ

Монголд гэрэл зурагчин мөн ч олширч байна. Харин тэр дунд жинхэнэ мэргэжлийнх нь цөөхөн. Энэ удаа бидний сониныхоо зочноор урин ярилцаж байгаа С.Бадамханд гэдэг эмэгтэй бол энэ мэргэжлийг бүрэн эзэмшсэн нэгэн. Тиймээс түүнтэй хийсэн ярилцлагаа “Гэрлээр бичихүйн ухааны эзэн” хэмээн нэрлэсэн юм.

 

-Гэрэл зургийн мэргэжлийг хэдийд сонгож авсан бэ өөрөө...?

-Аав маань Хэнтийн Биндэрийнх учраас би тэр нутгаар овоглож явдаг. Аравдугаар анги төгссөний дараа миний хувьд ямар мэргэжил сонгохоо сайн мэдэхгүй л байлаа. Эмээтэйгээ сургуулийн хуваарь олгож байгаа комисс дээр очлоо. Уг нь гадаадад явах хүсэлтэй байв. Геологич, ус сувгийн гээд олон л мэргэжлийн нэр байсан. Би зураг зурах, үг үсэг дармалдаж бичих сонирхолтой л доо.

Үүндээ ч болсон уу комиссынхны яриа ч нөлөөлсөн үү фото-техникч гэдэг мэргэжлийг сонгосон доо. Тэгээд МХЗЭ-ийн Төв Хорооны нэр дээр ЗХУ-ын Омск хотын технологийн дээд сургуульд явсан. Ангидаа ганцаараа монгол. Эхний үед зориг мохох үе байсан ч шантраагүй ээ.

-Тэгээд юу сурсан бэ?

-Гэрэл зураг авах арга барил, уран бүтээл болгох техник талаас нь бүрэн төгс заалгасан даа. Орос багш нар маань “Зургийг авахдаа сэтгэлээ гаргаж ав. Ямар хийцтэй зураг авахаа урьдчилж сайн бод. Бас хүний зургийг авахдаа ямар ажил мэргэжлийн хүн бэ гэдгийг анхаарахын зэрэгцээ тухайн хүний сэтгэл хөдлөл ямар байна. Тэр нь нүд, царайндаа илэрч чадаж байна уу гэдгийг чандал” гэж зааж байсан.

-Залуу мэргэжилтэн хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Сургуулиа төгсөж ирээд Эвлэлийн байгууллагын шийдвэрээр Залуу техникчдийн ордонд очиж хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан минь саяхан л юм шиг. Эхлээд лаборант дараа нь туршилтаар бас багагүй хугацаанд ажиллаад гэрэл зургийн багш болсон. Тэнд найман жил ажиллахдаа мэргэжлийн  хүний хувьд олон хүүхэд, залуучуудад мэддэг бүхнээ л сургахыг хичээсэн дээ.

Өөрийн болон шавь нарынхаа авсан зургийг Пионерийн үнэн, Хүүхдийн хүмүүжил зэрэг сонин, сэтгүүлд их өгнө. Аль болохоор тэднийхээ авьяас чадварыг нь хөгжүүлэх гэж мэрийдэг байлаа. Гэтэл удалгүй нийгмийн байдал өөрчлөгдөн зах зээлд орж залуу техникчдийн ордны үйл ажил ч зогссон. Ингэхээр нэг хэсэг хувийн юм хийж байгаад өөрийн үндсэн мэргэжилдээ татагдан зургаа авч эхэлсэн.

 
Миний бөмбөг

-Өөрийн чинь сонирхдог сэдэв юу вэ?

-Ахуйн болон байгалийн гоц үзэгдэл юм уу, хүний хөрөг зурагт илүү сонирхолтой л доо. Авсан зургийн бүтээл гэвэл зөндөө л боллоо.

-Гэрэл зурагчин хүний олонд танигдах нэг хэлбэр нь үзэсгэлэн юм шиг байдаг. Тийм үү?

-Тэр үнэн л дээ. Ш.Отгонжаргал, Г.Эрдэнэтуяа нарын хэдэн зурагчин хүүхнүүдтэй хамтарч “Таван өнгө”, дараа нь “Амьдралын өнгө”, “Ертөнцийн өнгө”, “Бүсгүй мэлмий” нэртэй цуврал үзэсгэлэнгээ гаргасан. Бид дээрх үзэсгэлэнгүүдийнхээ зургаас сорчилж Японд нэг удаа үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Ноднин “Дулаан гар” гэдэг бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.

- “Дулаан гар” гэнэ ээ. Сонин л сонсогдож байна шүү?

-Миний нэг онцлог ч юм уу даа. Зураг авахдаа заавал түүгээрээ юуны тухай өгүүлэх вэ гэж бодоод байдаг юм. Үүнийгээ уг үзэсгэлэнгээр харуулахыг хичээсэн. Хүний гар ер нь юу бүтээж хийж болдог вэ гэдгийг үзүүлэх гэж.

Ижийнхээ мөөмийг бариад хөхөж байгаа хүүхдийн гараас эхлээд мэргэ төлөгчийн, хөгжимчний, тариаланчийн, малчны, дархан хүний гээд 80 зурагтай үзэсгэлэн гаргав даа. Наян гар л харж болно гээд бод.  Цааш нь наян гар юу бүтээдэг вэ гэдгийг бас уншиж болно. Тэр үзэсгэлэнгийн зургуудаараа ном хийж уншигчдын гарт хүргэсэн бий.

-Өнгөрсөн онд АНУ-д уригдсан гэл үү?

-Тийм ээ. Тэндхийн нэг том агентлаг миний зургуудыг цахим хуудаснаас үзэж сонгоод намайг улс, улсын 100 зурагчны 100 зургийн үзэсгэлэнд оролцохыг урьсан. Тэгээд тэнд газар газрын уран бүтээлчидтэй уулзлаа, лекц яриаг нь сонслоо.

-Тэндээс гэрэл зургийн хөгжлийг Монголтойгоо харьцуулж юу бодов?

-Олон л юм олж харлаа. Нэгийг нь хэлэхэд гадны зурагчид манайхан шиг бөөнөөрөө явж зураг авдаггүй юм байна. Олон зурагчин нэг үйл явдалд, нэг объект дээр очих буруу юм. Хэн нэгний бодож авсан зураг олон хүний бүтээл болчихдог нь эндээс эхтэй байдаг бололтой. Гадаадынхан хэзээ ч бөөн, бүлгээрээ зурганд явдаггүй юм байна.

Ганцаараа явж авсан зураг сайн бүтээл болох боломжтой гэнэ. Харин зургаа ганцаараа аваад дараа нь алдаа оноог нь олуулаа шүүж ярилцах нь бүтээлч чанар юм. Мөн зургаа сэдэвчилж авдаг зурагчидтай танилцлаа. Нэг зурагчин дандаа хар хүмүүсийн зургаар дагнасан байх юм. Бас нөгөө нь дан нохойны зураг авсан байх жишээ байна л даа.

 
Эмээ, ач хүү хоёр

-Өөрөө хөрөг зураг нэлээд голчилж авдаг гэсэн. Энэ тухайгаа юу хэлэх вэ?

-Хөрөг бүхэн адил байх учиргүй. Яагаад гэхээр хүний зан ааш, намба төрх хөргөөсөө харагдаж байдаг. Иймээс эхлээд яриа өдөж, тайвшруулж халуун дулаан яриа өрнүүлж байгаад өгүүлэмжтэй байдлаар авах хэрэгтэй гэж боддог. Тэгвэл үнэн хөрөг гарна.

-Залуу зурагчдад хандаж юу хэлмээр байна даа?

-Зурагчин олон болжээ. Энэ нь гэрэл зургийн салбар хөгжиж байгаагийн нэг тал байх. Хүн бүр амьдралын бүх л сэдэв рүү хандсан зураг их авч байна. Сэдэвчилсэн, өгүүлэмжтэй зураг ховор байх шиг. Бас залуучууд өнгөний хойноос хэтэрхий хөөцөлдөж байна уу гэж боддог. Бас зургийг их засаж янзлах нь буруу. Ер нь дэлхий нийтийн жишгээр харвал уралдаануудад зассан, янзалсан зургийг хориглочихлоо шүү дээ. Манайхны нэг алдаа бол дэндүү цэвэр цэмцгэр зураг авах гэдэг. Түүний оронд амьдралд байгаагаараа байгаа зураг л үнэ цэнэ нь илүү дээ.

-Монголд гэрэл зургийн салбар сайн хөгжиж байна гэж би боддог?

-Тийм ээ хөгжиж байгаа. Энэ нь манай гэрэл зургийн холбооны идэвхтэй үйл ажиллагааны үр дүн нөлөөлж байгаа. Харин сэтгэл эмзэглүүлэх юм нь зургийг үнэлэх сэтгэлгээ дутмаг байгаа. Уг зургийг авах бодол санаа болон гаргасан хөдөлмөр, зүтгэлийг мэдэхгүй байна. Бас хүний бүтээлийг улайн цайм луйвардаж ашиглах явдал цөөнгүй. Даангүй сайтууд...

-Одоо бол өөрөө бие даасан уран бүтээлч үү?

-Бие дааж уран бүтээл хийх цаг бага даа. Би Японы нэг гэрэл зурагчинтай хамтарсан “Canon” нэртэй гэрэл зургийн аппарат, дагалдах хэрэгслийн дэлгүүр ажиллуулдаг. Харин бүтээгдэхүүн маань хүний өдөр тутмын хэрэгцээний зүйл биш учраас бизнес гэж хэлэх боломжгүй ээ. Надаас заавар зөвлөгөө авах гэсэн хүмүүс олон ирдэг. Тэдэнд чадах ядахаараа хэлж зөвлөдөг.

Хүн болгонд дэлгэрэнгүй зөвлөхөд цаг зав их ордог болохоор би “Та аппаратаа бүрэн ашиглаж чадаж байна уу” гэсэн жижигхэн ном гаргасан. Түүнийгээ зөвлөгөө хүсэгчдэд өгдөг. Энэ бүхэн маань гэрэл зургийн салбарын хөгжилд бага ч гэ­сэн нэмэр болдог байх аа.

Зураг