Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Каталанчууд Испаниас туурга тусгаарлах санал асуулга явуулна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Испаний хойд хэсгийн Каталон муж тусгаар тогтнох талаар бүх нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 1-нд явуулахаар шийджээ.

Барселон хотноо тус мужийн хууль тогтоогчид Лхагва гарагийн шөнө санал хураахад 72 нь дэмжиж, 11 нь түдгэлзсэн байна.

11 цаг үргэлжилсэн ширүүн маргааны эцэст сөрөг хүчний 52 гишүүн хуралдааныг орхиж, санал хураалтад оролцоогүй ажээ.

Үүний дараа Каталон мужийн ерөнхийлөгч Карлес Пуйгдемон санал асуулгыг ирэх сарын 1-нд зохион байгуулах хуулийг баталсан юм.

Каталон бол 32,000 км.кв газар нутагтай, 7.5 сая хүн амтай, Испаниас өөр Каталан хэлээр ярьдаг үндэстний өлгий бөгөөд олон жилийн турш тусгаар тогтнолыг мөрөөдөж байгаа аж.

 

Саяхны судалгаагаар Каталанчуудын 41 хувь тусгаар тогтнолыг дэмжсэн бол 49.4 хувь нь эсэргүүцэж байв.

Гэвч Испаний төв засгийн газар Каталанчуудын тусгаарлах санааг эрс эсэргүүцэж байгаа. Испаний ерөнхий сайд Мариано Рахои үндсэн хуулийн шүүхэд хандан, Каталанчуудын санал асуулгын хуулийг хүчингүй болгохыг хүссэн байна.

Өчигдөр тэр засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, бусад намын лидерүүдтэй уулзжээ. Өнгөрсөн тавдугаар сард Рахой санал асуулгын талаар хэлэхдээ “Би үүнийг хүсэхгүй, үүнд итгэхгүй, намайг ерөнхий сайд байгаа цагт ийм зүйл болохгүй” гэсэн юм.

Мөн Испаний хууль хүчнийхэн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг санаачилсан Каталоны улс төрчдөд хариуцлага тооцохоо зарлаад байна. Нидерландын ING банк Каталоны тусгаар тогтнол нь Испаний эдийн засагт уналт авчирна, Британий Brexit санал асуулгаас ч муу үр дагавартай байна хэмээн анхааруулжээ.

 

Эх сурвалж: Business Insider