Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн нэгдсэн систем хоцрогдолгүй ажиллах боломж бүрдлээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

БСШУСЯ, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир нар гарын үсэг зурсан юм. 

"Монголын цахилгаан холбоо" ХК алслагдсан сум суурин газарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэх нийгмийн хариуцлага хүлээн ажиллаж байна. Тиймээс ч БСШУСЯ-ны Боловсролын нэгдсэн сүлжээ үүсгэх ажлын хүрээнд тус  салбарыг дэмжин ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.

БСШУСЯ-с салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэж, байгууллагуудыг холбооны дэд бүтэцтэй холбох ажлыг 2008 оноос эхлүүлжээ. Энэхүү ажлыг  улсын төсвийн хөрөнгөөр болон гадны төсөл, хөтөлбөрийн хүрээнд шат дараатай хийж ирсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 132,21 аймгийн 200 гаруй, сумын 350 орчим ЕБС-д интранет болон интернэт үйлчилгээг үзүүлж байна.

2015 оноос “Шинэ зууны боловсрол төсөл”-ийг хэрэгжүүлэн улсын хэмжээнд холбооны дэд бүтэцтэй холбогдоогүй байгаа бүх ЕБС, сумын төвийн цэцэрлэгүүдийг шилэн кабелиар холбооны дэд бүтэцтэй холбох, сүлжээний зангилаа төхөөрөмж болон төгсгөлийн төхөөрөмжийг шинэчилж дуусч айна.

Нэгдсэн сүлжээ үүсгэхэд холбооны салбарын дэд бүтэц, хот хоорондын тоон урсгал, виртуал хувийн сүлжээ, интернэт үйлчилгээ зэрэг технологийн олон шийдлийг цогцоор шийдвэрлэх шаардлагатай болдог. Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар "Монголын цахилгаан холбоо" ХК дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм.

ЕБС-иуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах ажил хийгдсэнээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт 10GB –ийн сүлжээ, 19 аймаг, бүх сумын төвд 1GB –ийн сүлжээ үүсгэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бүх ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллага нэгдсэн сүлжээний төвд өндөр хурдаар холбогдоно.

Улмаар боловсролын салбарын мэдээллийн систем "Real time" буюу хугацааны хоцрогдолгүй ажиллах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог. Мөн цахим сургалтын систем нэвтрүүлэх, онлайн сургалт, номын сан, контент зэрэг цахим үйлчилгээнүүд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүртээмжтэй хүрэх ач холбогдолтой юм.