Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

В.Баярсайхан: Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсээс өөр оюуны баялаг экспортлох БОЛОМЖТОЙ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөрөнгө оруулалтын “Инвест Монголиа-2017” чуулга уулзалт өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалт нь “Монгол Улсын дэд бүтцийн хөгжил” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. 

Хэдийгээр хөрөнгө оруулалтын чуулган уулзалтын сэдэв уул уурхай, дэд бүтэц, хамтын ажиллагаа тойрсон хүнд аж үйлдвэрлэлд багцлагдсан юм. Энэ удаад IT чиглэлээр анх удаа “ЛэндМН” зээлийн аппликэйшнийг нэвтрүүлсэн “Анд Глобал” компани илтгэл тавьсан нь онцлог байлаа.

Компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан “Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсээс өөр оюуны баялагаа экспортлох боломжтой. Бид ийм боломж бий гэдгийг харуулахаар энэхүү чуулга уулзалтад оролцож байна. Бид сүүлийн хоёр жил технологи хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж, бүтээгдэхүүнээ ч зах зээлд гаргасан. Манай “Анд Глобал” компани дэлхийд оюуны бүтээлээ экспортлоход гурван чухал хүчин зүйлийг тодотгож байгаа.

Нэгдүгээрт, маш сайн боловсон хүчин, чадварлаг ажиллах хүчинтэй байх хэрэгтэй. Манай компани дэлхийн зах зээлд гарч ирье гэвэл хүмүүсээр нь чаддаг зүйлсийг нь хийлгэх, залуучуудад боломж олгож, хамтарч ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, технологио хөгжүүлэх хэрэгтэй. Энэ технологи нь финтек буюу технологи дээр суурилж санхүүгийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдийн хэрэглээнд хүргэх шинэ салбарт бизнесээ эхлүүлсэн. Ингэхдээ хиймэл оюун ухаанд тулгуурласан хөгжүүлэлт хийж байгаа. Энэхүү финтек нь барууны орнуудад чухал салбарын нэг хэдийнээ болсон бөгөөд Азид ид хүчээ авч байгаа салбар юм.

Гуравдугаарт, энэ бүх боломжийг нэгтгэсэн маш том зах зээл хэрэгтэй. Бид юуг бүтээж, хэнд хүргэх, хаашаа явах зэрэг нь тодорхой байх шаардлагатай. Өнөөдөр Ази, Африк тивийн улс оронд гурван хүн тутмын нэг нь технологи мэддэггүй, барьцаа хөрөнгөгүй, банкны шалгуурыг хангадаггүй. Тиймдээ ч санхүүгийн үйлчилгээг авч чаддаггүй байна. Үүнийг маш том зах зээл гэж харж байна. 

Бид эхний ээлжид Япон, Филлипин, Камбож орныг сонгоод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Анхны хөрөнгө оруулалтаа дотоодын зах зээлээс босгож байна. Саяхан Япон улсаас дөрвөн сая ам.долларын ээлжит санхүүжилт босгосон. Ирэх таван жилдээ Өмнөд болон Зүүн өмнөд Азийн 10 улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Цаашдаа манайх шиг олон технологийн компани энэхүү чуулга уулзалтад оролцох байх гэж найдаж байна" гэлээ.

“Анд Глобал” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайханы чуулганы үеэр тавьсан илтгэлээс ОНЦЛОХ эшлэлийг хүргэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn
Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлага технологийн компани, бүтээгдэхүүнд илүү төвлөрч байна. Харин Монгол Улсад энэ хандлага эсрэгээрээ буюу уламжлалт уул уурхайн төслүүдэд чиглэсэн хэвээр байна.
Технологийг хүн хамгийн хурдан сурч, түүнийгээ хамгийн хурдан бүтээл болгон хувиргаж, үнэ цэнэ үүсгээд дэлхийд экспортлох боломжтой.
Сайн боловсон хүчин, чадварлаг ажиллах хүчинтэй байх хэрэгтэй.
Өнөөг хүртэл Монголын бүх компани, групп бүхнийг өөрсдөө хийх гэж зүтгэсэн. 
 Бид юуг бүтээж, хэнд хүргэх, хаашаа явах зэрэг нь тодорхой байх шаардлагатай.
Хамтын ажиллагаа чухал учир дэлхийн шилдэг сургуулиудад суралцан, шилдэг компаниудад өмнө нь ажиллаж байсан Монгол болон гадаад хүмүүсээр багаа бүрдүүлсэн.
Өнөөдөр Ази, Африк тивийн улс оронд гурван хүн тутмын нэг нь технологи мэддэггүй, барьцаа хөрөнгөгүй, банкны шалгуурыг хангадаггүй.
Монголчууд дараагийн Израиль болох боломжтой, уламжлалт уул уурхайгаас өөрөөр дэлхийд гарах боломж, потенциал байгааг батлах зорилготой. 
Монгол Улс байгалийн баялгаас өөр зүйл, ялангуяа оюуны бүтээлээ экспортолж чадах уу гэвэл чадна. Гэхдээ бид ганцаараа чадахгүй, хамтдаа чадна.

“ЛэндМН” зээлийн аппликэйшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ВИДЕО: