Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Багшаа голох уу, Төрөө голох уу?

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багш нарын гарт Монголын ирээдүй байдаг. Хүүхдийг мэдлэг боловсролтой сайн хүн болж төлөвшихөд аав ээжээс гадна багш нар маш чухал үүрэгтэй. Тиймээс бид багш мэргэжлийн ач холбогдлын тухай энэ сэдвээрээ хөндөх гэсэн юм. Тэр дундаа хүүхдэд суурь боловсрол олгодог багш нарыг онцолж байна.  

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 776 Ерөнхий Боловсролын Сургууль, 1,354 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын салбарт нийт 790,299 хүүхэд суралцдаг. Монголын хүн амын дөрөвний нэгийг эзэлж байгаа цэцэрлэг болон ЕБС-д суралцагсдад багшлах багшийн мэргэжил эрэлттэй мэргэжлийн жагсаалд багтсан хэвээр л байна.

Энэ нэг талаас багшийн мэргэжил ямар чухал болохыг харуулж байгаа юм. Манай улс 2014 оноос эхлэн багш мэргэжлээр төгссөн төгсөгчдөөс шалгалт авч “багшлах эрх” олгодог болсон. Сүүлийн дөрвөн жилийн багшлах эрхийн шалгалтад орсон хүмүүсийн статистик үзүүлэлтийг харья.

Графикаас харвал, шалгалтад тэнцэгсдийн тоо 60%-д хүрэхгүй байгаа юм. Тэгэхлээр шалгалт хүнд байна уу, төгсөгчид муу байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Энэ талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим сургалтын албаны дарга И.Батхүүгээс тодрууллаа. 

Дипломыг багшлах эрхтэй хольж хутгаж ойлгож болохгүй
 

Тэрбээр “Хуулиндаа багш нь багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Мэргэжлийг эзэмшсэн гэснийг тодорхойлдог зүйл нь диплом мөн. Харин багшлах эрхийн үнэмлэх биш. Тиймээс дипломыг багшлах эрхтэй хольж хутгаж ойлгож болохгүй.

Энэ шалгалтыг 2014 оноос эхлэн авч эхэлсэн. Багшийн дипломтой хирнээ нэрээ ч зөв бичиж чадахгүй хариуцлагагүй багш нараар Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд хичээл заалгахгүй байх үүднээс энэ шалгалтыг авдаг юм шүү дээ" гэв.

Багшлах эрхийн шалгалт нь дараах хоёр хэсэгтэй
 

 Шалгалтын агуулгад:

  • Боловсрол судлал
  • Сэтгэл судлал
  • Заах арга зүйн мэдлэг, чадвар
  • Хууль эрх зүй /Боловсролын тухай хууль, эрх зүйн асуулт, БСШУСЯ-ы сайдын тушаалаар батлагдсан боловсролын салбарын журмууд/ Энэ бүгдийн агуулсан 40 тест байдаг байна.

Тестийн шалгалтад тэнцсэн хүмүүс  “Багшийн үнэт зүйл, чиг хандлага” гэсэн асуудлын хүрээнд тодорхой сэдвээр 250-300 үгтэй эсээ бичдэг байна. Тестийн оноогоо бүрэн авсан ч эсээ нь муу бол огт тэнцүүлдэггүй аж. Учир нь эсээ бол тухайн хүнийг илэрхийлдэг хамгийн чухал хэсэг.

Эсээ нь тухайн хүний хандлага, сэтгэлгээ, мэргэжлийнхээ асуудалд хэр анхаардаг зэргийг харж болдог хамгийн чухал хэсэг байдаг учраас эсээг тун чухалчилж үздэг байна. Ингээд тестийн шалгалт, эсээ хоёроо нийлүүлээд 70-аас дээш оноотой өгч чадвал багшлах эрхээ авдаг байна.

Давааны цаана даваа гэдэг шиг их сургуульд дөрвөн жил багшийн мэргэжлийг эзэмшээд дараагаар нь багшлах эрхийн шалгалт гэх хэцүүхэн давааг давсны дараа сая нэг ардын хүүхдүүдэд багшлах эрхтэй болдог.

Гэвч нөгөө талаас энэ олон давааг даваад сайхан амьдрал тэднийг угтдаг уу гэвэл бас л үгүй ажээ.

Учир нь багшийн хөдөлмөр нийгэмд үнэлэгдэхгүй болоод удаж улмаар багш нар олноороо ажил хаях тухай асуудал сөхөгдөөд байгаа билээ. 

Багшийн мэргэжил гэдэг цаг наргүй ажил
 
Гэрэл зургийг mpa.mn

Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн багш  Л.Энхтуяа “Багшийн мэргэжил гэдэг цаг наргүй, нойр хоолгүй 24 цаг үргэлжилдэг ийм мэргэжил. Өглөө хүүхдүүдээ хүлээж авснаас эхлээд л орой зургаа, долоо хүртэл хичээл заана. Үүнээс гадна давтлага, сонгоны хичээлүүд орно. За тэгээд эцэг эхчүүдтэй хичээлийн бус цагаар уулзаж ярилцана.

Ер нь насанд хүрээгүй, эрхзүйн чадамжгүй хүүхдүүдтэй ажилладаг хүнд мэргэжил гэж тодорхойлогддог.  Гэтэл өнөөдөр багш нар хийсэн хөдөлмөрөө бодитой ч үнэлүүлж чадахгүй л байдалтай байна” гэж байв. 

Төрийн хэвийн үйл ажиллагааг хангадаг туслах чиг үүрэгтэй албан тушаалд Багшийн мэргэжил багтдаг. Боловсролын салбарын хамгийн чухал ажиллах хүчин болдог багш цалингийн сүлжээний ТҮБД4 ангиллаар цалинждаг байна. 

Багш нар дунджаар 571,872₮-ийн цалин авдаг. Энэхүү цалин дээрээ үр дүн, мэргэжлийн зэрэг, Заах аргын нэгдэл, лаборатори удирдсаны гээд 5%-20%-ийн нэмэгдэл авах боломжтой аж.

Эдгээр нэмэгдлийг авахын тулд багш дахиад зэрэг нэмэн суралцах, бүх хүүхдүүдээ онц дүнтэй суралцуулах үүрэгтэй болдог. Хажуугаар нь заах аргын нэгдэл, лаборатори удирдах хэрэгтэй болж байгаа юм. 

Багш нарын цалин нэмэх түр хорооны дэд зохицуулагч н.Санжмятав "Цэцэрлэг болон ЕБС-ийн 40,000 гаруй багш байгаа. Тэдний 80 гаруй хувь нь цалингаа нэмүүлэх асуудал дээр нэгдээд байна. Монголын хүүхдүүдийн суурь боловсролыг бэлдэж, ирээдүйн эмч, цагдаа төрийн түшээдэд боловсрол олгодог хүмүүс бол энэ хүмүүс яах аргагүй мөн.

Гэтэл цалин хангамжаасаа болоод маш олон багш нар ажил хаяж байна. Бас багш мэргэжлийг сонгох хүүхдүүдийн тоо ч буурсан. Тиймээс багш нарын мэргэжлийн үнэлэмж уначихаад байна. Иймд багшийн цалин нэмэх асуудлыг улс төржүүлэхгүйгээр зохицуулж өгөөч ээ" гэж Боловсролын сайдтай уулзах үеэрээ хүсэж байсан.

Бид багш мэргэжлээр төгссөн иргэн Б-тэй уулзахад тэрбээр “Би мэргэжлээрээ ажилладаггүй. Багшлах эрхийн шалгалтын хураамж нь өндөр. Шалгалт өгөх гээд тестийг харсан боловч  8,000 жишиг тест байсан. Тэгээд шалгалт өгөөд тэнцлээ гэхэд дэлгүүрийн худалдагч хийснээс ч бага цалин авна. Хэдий энэ мэргэжилдээ дуртай ч цаг үеийн байдал мэргэжлээрээ ажиллах боломж олгохгүй байна. Надтай адил бодолтой олон хүүхдүүд байгаа” гэв.

 Багш нарын нуруун дээр маш том хариуцлага байдаг
 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар саяхан хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Багш гэх мэргэжил үнэхээр онцлогтой сайхан мэргэжил. Тэр дундаа сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш нарын нуруун дээр маш том хариуцлага байдаг.

Багш хөгжил дэвшилтэй, багш чадвартай байх нь нийгмийн баталгаанаас шалтгаалдаг. Нийгмийн баталгаа бол хүрэлцээтэй цалин мөн. Иймд бид 2020 онд багшийн цалинг 3,500 долларт хүргэх судалгааг хийсэн гэдгээ хэлсэн юм. Мөн боловсролын салбарт дараах өөрчлөлтүүдийг хийнэ гэсэн юм. Үүнд:

• Нэгдүгээрт, энэ есдүгээр сардаа багтааж багш нарын мэргэжлийн зэргийг олгох журмыг өөрчилнө.
• Багш нарын ажилласан жилээр хязгаарладаг байсныг болиулж, хэдэн жил ажилласнаас үл хамааран ур чадвараар үнэлнэ.
• Багшийн ажлыг 100 баллын системээр бодитой үнэлдэг болно гэжээ. 

Гэвч сонсоход сайхан энэ мэт олон мэдэгдэл Монголд биелэхээсээ биелэхгүй нь их.

Багш мэргэжлээр төгсчхөөд зөв бичиж чадахгүй байгаа төгсөгчдөө голох уу, цалиндаа тааруулж байгаа багш нараа голох уу, олигтой цалин өгөхгүй байгаа төрөө голох уу!