Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Японы гүнж энгийн иргэнтэй гэрлэж, язгууртны амьдралаас татгалзахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Японы гүнж Мако, түүний найз залуу болох энгийн иргэн хоёр албан ёсоор сүй тавьж байгаагаа Ням гарагт зарлалаа.

Ингэснээр Мако гүнж язгууртны хэргэм зэргээ алдаж, энгийн иргэн болох юм. Уламжлал ёсоор эзэн хаан Акихитогийн ууган ач охин болох Мако гэрлэлтийнхээ маргаашаас эзэн хааны гэр бүлийн гишүүн байхаа болино.

Харин энэ уламжлал эрэгтэй язгууртнуудад үйлчилдэггүй юм.

Гэвч Мако өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр энгийн иргэн болох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр “Би хүүхэд байхаасаа энгийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээсээ сална гэдгийг мэддэг байсан” гэж хэлжээ.

Их сургуульд хамт суралцаж байсан сүйт залуу 25 настай Кэй Комуро нь хуулийн фирмд ажилладаг нэгэн бөгөөд гурван жилийн өмнө гүнжид гэрлэх санал тавьж байсан гэнэ. Хурлын үеэр хосууд харилцан нэгнээ “нар, сар”-тай зүйрлэн ярьжээ.

Гүнж өөрийг нь “сар мэт” сэмхэн ажигладаг байсан тухай Комуро дурссан бол Мако гүнж Комурогийн инээмсэглэлийг “нар мэт” дулаан, гэгээлэг байсан гэж зүйрлэжээ.

Сүй тавих мэдэгдлийг тэд өнгөрсөн долдугаар сард төлөвлөөд байсан ч Японы өмнөд нутгаар болсон үер усны гамшгийн улмаас хойшлуулаад байв.

Эзэн хааны ордны захиргаа Мако гүнжийн хуримыг 2018 оны хоёрдугаар хагаст болохыг мөн зарлажээ. Макогийн язгууртны хэргэмээсээ татгалзах болсон нь Японы олон нийтийн дунд маргаан үүсгээд байгаа. Макогийн аав, ханхүү Акишино энгийн бүсгүйтэй гэрлэсэн ч язгууртны гэр бүлд хэвээр байгаа. Харин зөвхөн эмэгтэйчүүдэд ийм уламжлал үйлчилж байгаа юм.

Мөн эзэн хааны ширээг залгамжлах эрэгтэй талын удам тасрахад ойрхон байгаа энэ үед хатан хааныг өргөмжилдөг болох тухай санаа ч иргэдийн дунд яригдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Yahoo News