Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" энэ сарын 10-нд болно

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэ удаад 1937 оны их хэлмэгдүүлэлт эхэлсэн 80 дахь жил тохиож байгаа бөгөөд энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 
 
Монголын Улс төрийн Хэлмэгдэгсдийн Холбооны Тэргүүн Д.Цогтбаатар "Энэ жил онцлог жил болж байна. Бид анх удаа цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисстой анх удаа хэвлэлийн хурлыг хамтран хийж байна. Мөн шинэ ерөнхийлөгч ажлаа аваад хүний эрх, хэлмэгдүүлэлтийн талаар онцгой байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтарч олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэлээ.
37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлснээс 31,220 хүнийг цагаатгаад байна

Бүрэн бус мэдээгээр 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд 1939 оноос эхлэн 31,220 хүнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18,200 гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгосон

Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 361 иргэнд орон сууц болон түүнтэй дүйцүүлсэн 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг олгоод байна.

 
 
Гэрэл зургийг mpa.mn

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссийн Нарийн бичгийн Дарга П.Нарандалай "Улсын их хурлаас 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан байдаг. УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д хүргүүлээд байна" гэлээ.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд хүргэх зорилгоор дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж.

  • 2017 оны найм, есдүгээр сард Монгол Улсын бүх аймаг, 330 сум, есөн дүүрэгт улс төрийн хэлмэгдэгдүүлэлт хор уршгийн талаар уулзалт ярилцлага, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • 2017 оны есдүгээр сарын 6-наас 27-ны өдрүүдэд “Мартаж болохгүй, давтах ёсгүй” үзэсгэлэнг Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд дэлгэн үзүүлэх
  • 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр "Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах (ОХУ, Герман, Монголын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж оролцоно)
  • 2017 оны есдүгээр сарын 9-ний өдөр Хамбын овоо дахь хэлмэгдсэн лам нарт зориулсан их суваргад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, сүм хийдтэй хамтран зохион байгуулна.
  • 2017 оны есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт "Хэлмэгдэгсдийн хөшөө", Сонгино хайрхан ууланд байрлах хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх арга хэмжээг зохион байгуулах
  • 2017 оны арав, арваннэгдүгээр сард их, дээд сургуулийн оюутнуудын дунд хэлмэгдүүлэлтийн талаарх эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг зохион байгуулах.