Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хурлын ХОЁР ХАЛУУН СЭДЭВ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг төрөөс дэмжихгүй байна гэж ярих нь утгагүй. Угаасаа төрөөс дэмждэг эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж хаа ч байхгүй” гэж “Монгол ТВ”-ийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва хэлэв.

Мэдээлэл хавтгайрч байгаа энэ цаг үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, эрэн сурвалжлах үйл ажиллагааны цар хүрээ улам нэмэгдэж байна. Монголын сэтгүүлчид нь энэ өөрчлөлтөөс хоцрохыг хүссэнгүй.

Монголд болсон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлын үеэр хэлэлцсэн “Хүний эрхийн асуудлыг эрэн сурвалжлах нь”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба мөрдөн байцаах үйл ажиллагааны ялгаа” зэрэг сэдвүүд сонирхол татаж байлаа. 

У.Болортуяа: Ёс зүй гэдэг бол хүн чанартай, хүнлэг байх явдал

Хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа газар сэтгүүлчид хамгийн түрүүнд хүрч ажиллахыг эрмэлздэг. Тэгвэл сэтгүүлч хүний эрхийг эрэн сурвалжилж байхдаа хэрхэн өөрөө хүний эрхийг зөрчихгүй байх вэ, хэрхэн мэдрэмжтэй хандах вэ зэрэг асуудлуудыг энэ үеэр хэлэлцсэн юм.

Хүний эрхийн зөрчлийн асуудлаар нийгэмд хамгийн их хүрсэн, үр дүн нь ч сайн гарсан нэвтрүүлэг бол Ийгл ТВ-ийн эрэн сурвалжлах сэтгүүлч У.Болортуяагийн “Чимээгүй хашхираан” байсан. Сонсголын бэрхшээлтэй сурагчдын эрх хэрхэн зөрчигдөж байгааг тэрбээр эл бүтээлээрээ харуулсан билээ.

У.Болортуяа сэтгүүлч хүний эрхийн асуудлыг эрэн сурвалжлахдаа баримталдаг зарчмаасаа хуваалцсан юм. Тэрбээр “Хүний эрхийн тухай сурвалжлага бэлтгэнэ гэдэг бол тухайн хүний хувийн амьдралыг дэлгэх, нууц нь олон нийтийн асуудал болдог учраас нягт нямбай хандах шаардлагатай байдаг. Тухайлбал сүүлийн жишээн дээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нэвтрүүлэг бэлтгэхдээ хохирогчийн ээжтэй уулзаж ярилцлага авч байсан. Тэр үеэр тухайн эмэгтэйн нууцлахыг хүссэн бүхнийг цаасан дээр бичиж харилцан тохиролцсон. Тэгэхгүй бол тухайн эмэгтэй сэтгэл хөдлөлөөрөө ярьж байхдаа ил болгохыг хүсээгүй зүйлсээ хэлэх эрсдэлтэй. Ёс зүй гэдэг бол хүн чанартай, хүнлэг байх явдал юм.

Миний хувьд тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзэж, зовлон бэрхшээл, асуудлуудыг нь мэдэрдэг” гэв.

Нэгэнт хүний эрх зөрчигдсөн талаар мэдээлэл гарсны дараа хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал чухал байдаг. Энэ эрхийг хамгаалахын төлөө зүтгэх нь ч сэтгүүлч хүний заавал хийх ёстой зүйл юм. Сэтгүүлчид өөрсдөө хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг хичээвч төрийн байгууллагуудын удирдлагууд, хууль хүчнийхэнд хүний эрхийн мэдрэмж, мэдлэг дутдаг тухай энэ хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.

Тухайлбал МҮОНРадиогийн эрэн сурвалжлах багийн сэтгүүлч Г.Батзаяа “13 настай охин хойд эцгээсээ жирэмсэлсэн хэргийн тухай сурвалжлахдаа аймаг, сумынх нь нэр, гэрийн хаяг, охины мэдээллийг нууцлах ёстой гэсэн хатуу зарчим өөртөө тавьсан.

Харамсалтай нь аймаг, сумынх нь удирдлагууд орон нутаг нь хүүхдийн эрх зөрчигдсөн хэргийн талаар санаа зовохоосоо илүү нутаг усны нэр хүндийг унагахгүй байх хэрэгтэй гэж үзэж байсан нь сэтгүүлч миний хувьд эмзэглэл төрүүлж байлаа” хэмээсэн юм. Мөн хууль хүчний байгууллагынхан хэргийг мөрдөх явцдаа “хүчиндүүлдэг”, “нөхөртөө зодуулдаг” гэх мэт цоллох явдал түгээмэл байдаг байна.

Хүний эрхийн талаар сурвалжилна гэдэг нэг хүний эрхийн талаар боловч тогтолцооны суурь гажуудлыг илчилдэг давуу талтай гэдэгт хуралдаанд оролцогчид санал нэгтэй илэрхийлэв.

Э.Лхагва: Редакциуд тэнд очиж тэрийг ичээнэ гэж ажилладаггүй гэдэгт итгэлтэй байна

Эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажил хүчний байгууллагын эрэн сурвалжлах үйл ажиллагаанаас юугаараа ялгаатай вэ? гэдэг өмнө нь хөндөгдөж байгаагүй сонирхолтой сэдэв энэ хурлын төгсгөлд хөндөгдөв.

Хуралд АТГ, ЦЕГ, УЕПГ-ын төлөөлөл оролцсон юм. Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан “Таамагт суурилсан судалгаа” номын зохиогч, сэтгүүлч Марк Ли Хантер энэ хэлэлцүүлгийн тухайд “Хууль, хүчний байгууллагынхан сэтгүүлчидтэй хамт суугаад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ярьж байхтай анх удаагаа таарч байна. Их сонирхолтой мөч” хэмээн онцолж байсан юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд хэрэгтэй эрх зүйн орчны талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдгийг би та бүхэн шиг сайн томьёолж чадахгүй. Гэхдээ эрүүгийн эрх зүйн салбарын судлаачийн хувьд хэлэхэд эрх зүйн орчин бүрдэхгүйгээр мөрдөх, мэдээллийг олж авах ажиллагаа явагдахад хэцүү. Хувь хүний хараат бус байдал, халдашгүй эрх чөлөөг хөндөхгүйгээр эрэн сурвалжлах эрх зүйн орчин байхгүй цагт боломжгүй юм. Тиймээс хууль эрх зүйн орчин чухал” хэмээсэн юм.

АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга А.Дөлгөөн “Хууль эрх зүйн орчин бүрэн бүрэлдээгүй байгаа учраас эрсдэлтэй. Буруу гишгэвэл хууль бус үйлдэл рүү орчихож магадгүй. Муу талаас нь авч үзвэл хэргийг шалгах ажиллагаа мэдэгдэхгүйгээр явж байхад олон нийтэд ил болсноор илрээгүй байгаа хэргийн талаар задлах эрсдэлтэй юм. Нөгөө талаас нь авч үзвэл гэмт хэрэг хийсэн хүний талаар мэдээлэл өгөх нь нийгэм талдаа зөв юм” гэж хоёр талаас нь тайлбарлав.

Хууль хяналтынхны зүгээс эрэн сурвалжлах сэтгүүлчдэд хууль эрх зүйн орчин байхгүй учраас ажиллахад хүндрэлтэй гэсэн байр суурийг ийнхүү илэрхийлж байв.

Харин сэтгүүлчдийг төлөөлж хэлэлцүүлгийн хөтлөгчөөр ажилласан Э.Лхагва “Редакциуд тэнд очиж тэрийг ичээнэ гэж ажилладаггүй гэдэгт итгэлтэй байна. Хэвлэл өөрийн зохицуулалттай. Ёс зүйн зөрчил гаргах юм бол иргэн, байгууллага Ёс зүйн зөвлөлд гомдол гаргаж болно. Ёс зүйн хорооны гишүүд хуралдаад шүүхийн зөвлөл шиг намайг донгодно. Үүний дараа намайг хэн ч үзэхээ болино, хэвлэл дампуурна. Энэ бол өрсөлдөөн ихтэй зах зээл. Редакцийн амин сүнс нь итгэлцэл. Мөрдөн байцаагч өөрийн эрх мэдлээ хэтрүүлбэл прокурор шалгадаг байх. Сэтгүүлчдийг Ес зүйн зөвлөл нь шалгана.

Ингээд өөрийгөө зохицуулаад явж байхад Зөрчлийн шинэ хуулиар цагдаагийн байцаагч дээр ирсэн гомдлоор, ямар ч судалгаагүй, шүүхийн шийдвэргүйгээр торгоно гэж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд эсэргүүцэж байна. Үүнийг өөрчлөөгүй тохиолдолд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд хүндрэлтэй” гэсэн юм.

Гүтгэх, доромжлох гэмт хэргийг Зөрчлийн хуулийн дагуу 2-20 сая төгрөгөөр торгодог болсон тухайд Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Зөрчлийн хуулийн төсөлд ажиллаж байхад “гүтгэх” гэдэг гэмт хэрэг анхнаасаа хуулийн төсөлд байгаагүй. Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр нэр төрөө хамгаалах гэж байгаа хүн Иргэний журмаар нэхэмжлэл гаргах бүрэн боломж бий. Зөрчлийн хуульд орсноор Эрүүгийн хэргээсээ ч дор болсон. Юу болсон яасан гэдгийг хэлэлцүүлж шийддэг шүүхээр биш, байцаагчийн үзэмжээр торгох нь зөвхөн хэвлэл мэдээлэл биш, бүх хүмүүст ноцтой асуудал болсон” гэж байв. 


Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэхэд хувь  нэмрээ оруулах зорилготой Олон улсын бага хурлыг есдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон Монгол ТВ хамтран зохион байгууллаа.

Уг хуралд Монголын сэтгүүлчид болон INSEAD нийгмийн инновацийн төв, GIJN буюу Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ, Японы “Waseda Chronicle”, Өмнөд Солонгосын “Newstapa”, Индонезийн “Open Data Lab”зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.