Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Ши Жиньпин нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болсон Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж ярилцжээ.

В. Путин өчигдөр Хятадын Фужянь мужийн Шиамэнь хотод эхэлж байгаа BRICS-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсад ирээд байгаа юм. Хоёр удирдагч “Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангижруулах зорилгодоо тууштай байж, үүссэн шинэ нөхцөл байдлыг зохицуулахад нягт хамтран ажиллахаар боллоо” гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Орос, Хятадын удирдагч нар Пёньян устөрөгчийн бөмбөг туршсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд Солонгосын хойгт тогтворгүй байдал үүсгэхийн эсрэг бүх талууд зөвхөн дипломат яриа хэлэлцээрийн арга замаар шийдэлд хүрэх ёстой гэж дүгнэсэн байна.

Путин, Ши нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэгтэй бүс болгох нь хүлээж авах ямар ч боломжгүй зүйл гэжээ.

Путин бас өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэтай утсаар ярилцсан байна. Тэр энэ үеэр “олон улсын хамтын нийгэмлэгийг асуудалд сэтгэл хөдлөлөөр бус, үндэслэлтэй, тэнцвэртэй хандахыг уриалсан” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Путин бас эдийн засгийн хориг арга хэмжээ нэмж авахыг үр дүнгүй алхам болохыг сануулсан гэнэ. Хойд Солонгосын төв телевиз өчигдөр үйлдсэн устөрөгчийн бөмбөгийн туршилтаа тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах чухал алхам гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today