Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаны дараа Цагаан ордон өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд Пёньяны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэдгээ зарлалаа.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэтай утсаар ярьж, Нэгдсэн Улсын засаг захиргаа холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч гэдгээ дахин илэрхийлсэн байна.

Цагаан ордны мэдэгдэлд “Өөрийн газар нутаг болон холбоотнуудаа дипломат арга замаас эхлээд цөмийн зэвсгийн хүчин чадал хүртэл бүх боломжоо ашиглан хамгаалах үүрэгтээ үнэнч гэдгийг ерөнхийлөгч Трамп батлан илэрхийллээ” гэжээ.

Трамп Ням гарагт твиттер хуудсандаа Хойд Солонгостой холбоотой хэд хэдэн мэдэгдэл хийсэн юм. Тэрээр Хойд Солонгосыг “дайсагнагч улс, аюул занал” гэж нэрлээд тус дэглэмтэй хамтарч ажилладаг ямар ч улстай хийдэг худалдаагаа бүрэн зогсоох талаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.

Дээрх мэдэгдлүүдийнхээ дараа Трамп Пентагоны тэргүүн Жэймс Мэттис, Цагаан ордны тамгийн газрын дарга Жон Кэлли нартай уулзаж, Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөгний туршилтын хариуд ямар арга хэмжээ авахаа хэлэлцжээ.

Уулзалтын дараа Жэймс Мэттис АНУ болон түүний холбоотнуудын эсрэг ямар нэг халдлага үйлдвэл “цэрэг зэвсгийн томоохон цохилт” амсана гэж Пёньянд анхааруулсан юм.

Ням гарагийн өглөө Хойд Солонгос баллистик пуужинд суурилуулан харвах боломжтой устөрөгчийн бөмбөг туршсан нь тус улсын цөмийн зэвсгийн зургаа дахь туршилт болсон байна.

Пёньян энэ туршилтаа амжилттай болсныг зарлаж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс хэмээн олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ахиц боллоо гэж онцолсон юм.

 

Эх сурвалж: Russia Today