Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост хүчтэй дэлбэрэлт болсныг мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын зүүн хойд нутагт орших цөмийн туршилтын талбайн ойролцоогоос үүсэлтэй 6.3 магнитудын чичиргээг бүртгэж авснаа Хятадын газар хөдлөлтийг хянах газар мэдээллээ.

Хятадын тал уг чичиргээг ямар нэг “дэлбэрэлт” гэж дүгнэсэн байна. Чичиргээ нь Хойд Солонгосын Килжу мужийн Пунгери дэхь туршилтын тайлбайд Улаанбаатарын цагаар 11:30 цагийн орчимд үүссэн гэнэ.

Яг одоогийн байдлаар Пёньян зургаа дахь цөмийн зэвсгийн туршилтаа хийсэн эсэх нь мэдэгдээгүй байна.

Тав дахь туршилтыг өнгөрсөн оны есдүгээр сард гүйцэтгэж байжээ. Эхний чичиргээнээс хойш найман минутын дараа 4.6 магнитудын хүчтэй хоёр дахь чичиргээ бүртгэснээ Хятадын тал мөн мэдээлсэн байна.

АНУ-ын сейсмологичид бас дээрх чичиргээг бүртгэж авснаа мэдээлжээ. Тэд эхлээд 5.6 магнитудын хүчтэй чичиргээ газрын гадаргаас 10 км-ын гүнд мэдрэгдсэн тухай мэдээлсэн бол дараа нь 6.3 магнитудын чичиргээ 0 км-ын гүнд үүссэн гэж өөрчилсөн байна.

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлаг Ким Жон Уныг тус улсын зохион бүтээсэн устөрөгчийн бөмбөгтэй танилцсан тухай мэдээлээд байсан юм.

Тэгвэл үүнээс хэдхэн цагийн дараа сэжигтэй чичиргээ үүссэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хурлыг зарлажээ.

 

Эх сурвалж: Korea Times, BBC