Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй болсноо үзүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэм илүү хүчирхэг цөмийн зэвсэгтэй болсныг тус улсын төрийн мэдээллийн суваг KCNA өнөөдөр өглөө мэдээллээ.

Мэдээнд удирдагч Ким Жон Ун өөрийн эрдэмтдийн бүтээсэн устөрөгчийн бөмбөгийг биеэр үзэж, танилцсан тухай өгүүлж, гэрэл зургийг нь нийтэлжээ. Мөн өнгөрсөн долдугаар сард туршсан шинэ тив хоорондын баллистик пуужинд уг бөмбөгийг суулгахаар бэлдэж байгааг өгүүлсэн байна.

Шинэ баллистик пуужин нь 10,000 км зайнд тусах буюу АНУ-ын эх газрын аль ч цэгт цохилт өгөх чадалтай гэгдэж байгаа.

Хойд Солонгосыг ойрын хугацаанд цөмийн зэвсгийн зургаа дахь туршилтаа хийхэд бэлэн болоод байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Дөрөв ба тав дахь цөмийн туршилтыг 2016 онд гүйцэтгэсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн туршилтаа Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг байсан гэж мэдээлсэн ч мэргэжилтнүүд, шинжээчид эргэлзэж байсан юм.

Устөрөгчийн бөмбөг хэдэн зуун килотонноор хэмжигдэх чадалтай, агаар мандлын өндөрлөг цэгт тэслэх боломжтой маш аюултай зэвсэг.

KCNA агентлаг мэдээндээ устөрөгчийн бөмбөгийн бүх эд ангийг Жүчхэ үзлийн дагуу дотооддоо бүрэн үйлдвэрлэсэн бөгөөд цаашид олноор үйлдвэрлэх боломжтой гэжээ.

Жүчхэ үзэл гэдэг нь Марксизмийг хатуу чанга үндсэрхэг үзэлтэй нийлүүлж бий болгосон ганцаар хөгжих номлол юм. Уг номлолыг тус улсын үндэслэн байгуулагч Ким Ил Сун боловсруулсан гэдэг.

Өнөөдрийн мэдээлэлд зургаа дахь цөмийн туршилтын талаар дурдаагүй ч Ким Жон Уныг эрдэмтдэд судалгаагаа бүрэн дуусгах даалгавар өгснийг дурджээ.

 

Эх сурвалж: Reuters