Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Харь гарагт шингэн төлөвтэй ус байгаа гэж астрономичид дүгнэжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Харь гарагаас амьдрал хайх хүн төрөлхтний эрэлд урам өгсөн нэгэн судалгааны дүнг саяхан танилцуулжээ. Энэ нь TRAPPIST-1 хэмээх системд багтдаг зарим гарагт шингэн төлөвтэй ус байгаа тухай юм.

Манай дэлхийгээс 40 орчим гэрлийн жилийн зайтай орших TRAPPIST-1 одой од нь дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гурван гарагийн хамт анх 2015 онд нээгдэж байсан юм.

Харин өнгөрсөн хоёрдугаар сард энэхүү одыг тойрдог өөр дөрвөн гарагийг шинээр нээсний гурав нь амьдрал орших нөхцөлтэй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл тэдний одноосоо алслагдсан зай нь амьдрал тэтгэх температуртай уур амьсгалыг бүрдүүлдэг гэсэн үг.

Тэгвэл Женевийн Их сургуулийн астрономич Винсент Бурриер тэргүүтэй олон улсын судлаачдын баг TRAPPIST-1 системийн бүх долоон гарагийн агаар мандалд хэт ягаан туяаны үзүүлэх нөлөөг судалснаа Astronomical Journal сэтгүүлд нийтлүүлжээ.

Тэд Hubble телескопоор гарагуудын агаар мандалд усны уур байгааг олж тогтоосон байна. Одноос нь ирэх хэт ягаан туяаны нөлөөгөөр гарагийн ус ууршсан нь энэ гэж тэд дүгнэжээ.

TRAPPIST-1 системийн хамгийн дотор талд оршдог b, c, d гарагууд нь сүүлийн 8 тэрбум жилийн туршид манай дэлхийн усны нөөцийг 20 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний усыг ууршуулж алдсан, маш хуурай нөхцөлтэй гэж тэд үзсэн байна.

Харин амьдрал орших нөхцөлтэй гэгддэг e, f, g гарагууд нь усаа алдаагүй, шингэн усны нөөцтэй хэвээр байгаа гэж тэд дүгнэжээ.

Тайланд бичихдээ Бурриер “Бидний олж мэдсэнээр уг системийн хамгийн дотор талд орших гурван гарагт амьдрал байх боломжгүй” гэсэн байна. Харин тэдгээрээс хол зайд одоо тойрон эргэдэг гарагуудад амьдрал хайвал илрэх магадлал өндөр болсныг хэлээд Hubble телескопыг залгамжилж 2018 оны аравдугаар сард сансарт илгээгдэх James Webb Space Telescope-ийг илүү их нотолгоо илрүүлэх боломжтой гэжээ.

Нидерландын Лэйден Ажиглалтын төвийн астрофизикч Игнас Снеллэн дээрх дүгнэлтийг батлах нэмэлт судалгаанууд хийх шаардлагатайг The Guardian сонинд ярьсан байна. Тэр “Хэрвээ эдгээр гарагуудын ядаж нэгэн дээр нь шингэн ус байгаа нь бүрэн тогтоогдвол харь гарагийн амьдралын эрэлд том ахиц гарна” гэжээ.

 

Эх сурвалж: Russia Today