Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын иргэд модель Жижи Хадидыг эх орондоо хүлээж авахгүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Victoria’s Secret брэнд ирэх арваннэгдүгээр сард Хятадын Шанхай хотод анх удаа томоохон шоу хийхээр болсноо зарласан юм.

Үүний дараа Лхагва гарагт тус брэндийн нүүр царай болсон моделиудын нэг Жижи Хадид өөрийн Инстаграм хуудсанд Шанхайн шоунд оролцох тухайгаа мэдээлсэн байна. Гэвч тэр даруй Хятадын олон тооны интернэт хэрэглэгчид Хадидыг хүлээж авахгүй гэдгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэн, сөрөг сэтгэгдлээр булж эхэлжээ.

Ингэх болсон шалтгаан нь энэ оны эхээр модель бүсгүй дүү Белла Хадидтайгаа хамт байгаа дүрс бичлэгийг интернэтэд цацсанаас үүдэлтэй гэнэ. Уг видео бичлэгт Жижи Буддагийн дүртэй жигнэмэгийг дуурайн нүдээ жартайлган хошигнож байгаа нь харагддаг юм.

Моделийн энэ үйлдэл тухайн үед Ази хүмүүс, тэр дундаа Хятадуудыг нэлээд гомдоож, шар арьстнуудыг доромжилсон явдалд тооцогдож байжээ. Аргаа барсан Жижи сүүлд бичсэн Инстаграм постынхоо сэтгэгдлийн хэсгийг хаасан ч Хятадууд түүний бусад постуудын дор эсэргүүцлээ бичсээр байгаа юм.

Тэд Жижиг өмнөх доромжилсон дүрс бичлэгийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйгаагүйд нь одоо болтол бухимдсаар байгаа ажээ. Хоёрдугаар сард нийтлэгдсэн видео бичлэгтэй холбоотой гомдол тэгсгээд мартагдана гэж модель бүсгүй бодсон бололтой. Гэвч нэхэл хатуутай хятадууд түүнээс уучлал гуйхыг шаардсаар байна.

 

Эх сурвалж: Shanghaiist