Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрхэм баян-эрдэм ухаан дэлгэрэх болтугай"

ikon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, эцэг эхчүүд ээ,

Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 

“Мөнгөн хонх”-ны дуу цангинаж, анги танхимд хүүхдийн инээд хөөр цалгисан энэ сайхан өдөр улсын хэмжээнд 1,422 гаруй цэцэрлэгт  252,7 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 798 сургуульд  575,8 мянган сурагч, 96 их, дээд сургууль, коллежид 150,0 мянган оюутан, суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Өнөөдөр 73,5 мянган хүүхэд эрдмийн босгыг алхаж нэгдүгээр ангид элсэн орж байна. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 81.5 хувьд, бага боловсролын хамран сургалтыг 97.0 хувьд, суурь боловсролыг 96.0 хувьд тус тус хүргэнэ

Өнгөрсөн хичээлийн жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон малчдын хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангахад чиглэсэн ажлуудыг хийж тодорхой ахиц гаргалаа. Эдгээрийг цаашид ч тууштай үргэлжлүүлэх болно.

Түүнчлэн Засгийн газраас “Оюутны хөгжлийн зээл”-ийг сургалтын хэлбэр харгалзахгүйгээр олгох, 3 ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөө, орон нутгаас суралцаж буй оюутныг харъяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад  хамруулах зэрэг  зорилтуудыг ажил хэрэг болгож ирснийг энэ дашрамд тэмдэглэхэд таатай байна. 

Шинэ хичээлийн жил-бүх шатны боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих жил байх болно. Хичээлийн шинэ жилийн зорилтоо бид “Улсын хөгжил хүнээсээ, хүний хөгжил багшаасаа” гэсэн үзэл баримтлалын хүрээнд “Багшийн хөгжлийн төлөө” уриагаар хураангуйлан томъёолж байгаа болно.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нар аа,

Монгол Улсын төр, засгаас өнөөг хүртэл бий болсон боловсролын ололт, амжилтыг бататган бэхжүүлж, туршлага, сургамжаа цэгнэн, шинэ зууны аяс хандлагыг харгалзан Монгол Улсын хөгжлийн болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын тогтолцоог хөгжүүлэх нь тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. 

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх арга зам нь боловсролын салбарын бодлого, шийдвэрийг шинжлэх ухааны онолд тулгуурлан боловсруулах, бүх түвшний боловсролын агуулга, арга зүй, үнэлгээний онолын түвшинг бууруулахгүйгээр амьдралд нийцүүлэн бодитой, өгөөжтэй болгох, сургуулийг хүний хөгжил, хүмүүжил, төлөвшлийн  төв болгох, багшийн хөгжлийг дэмжих, боловсролын олон талт үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах явдал хэмээн үзэж байна. 

Монгол Улсын Засгийн газар багш, ажилтны нийгмийн асуудлыг тэргүүн ээлжинд шат дараатай шийдвэрлэх талаар мөрийн хөтөлбөртөө тодорхойлсон зорилтыг тууштай хэрэгжүүлэх болно. Багшийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл, онцлогийг нарийвчлан судалж, багшийн ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, норм норматив, багшид мэргэжлийн зэрэг олгох, багшийн ажлыг үнэлэх асуудлын зохицуулалтуудыг шинэчилэн багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, багш, удирдах ажилтан, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтоож, аливаа ёс зүй, зөрчлийн асуудлыг нэгж байгууллагын түвшинд шийддэг хамтын оролцоо бүхий зохистой механизмыг бий болгоно.

Байгууллага, сургууль, хамт олны  бие даасан байдлыг оновчтой хэмжээнд бодитой хангах нөхцөлийг бүрдүүлж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын хэлтэс, газрын дарга нарын түвшинд шийдвэрлэх шаардлагатай цалин хөлс, томилгоо, санхүү, төсвийн, захиргааны удирдлагын бололцоотой эрхийг шилжүүлж, багш, суралцагч, байгууллагын ажлыг үнэлэх үнэлгээний журмыг шинэчлэн, үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэлийг боловсролын салбарт хэрэгжүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, суралцах чадамж, сонирхол хэрэгцээнд суурилсан, хөгжлийн ахиц, өөрчлөлтийг дэмжсэн, тэд амьдрах арга ухаан, мэргэжлийн чиг баримжаа эзэмшихүйц байхаар сургалтын хөтөлбөр, сургалтын зохион байгуулалтыг уян хатан болгох шинэчлэл хийнэ.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчинд замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх, сэргээн засварлах, суралцагчдын замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөвлөмж, сурталчилгааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны усан хангамж, ариун цэврийн байгууламжийг суралцагчдын нас, хүйс, хөгжлийн онцлогт нийцүүлэн шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүнсний хангамжийн үйлчилгээг стандарт шаардлага, горимын дагуу гүйцэтгэж аюулгүй байдлыг хангах нэгж байгууллага, холбогдох албан тушаалтны үүрэг, хариуцлагыг өндөржүүлнэ. 

Шинэ хичээлийн жилээс онцгой байдлын үед боловсролын байгууллагын бэлэн байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгийн чадавхийг бэхжүүлэх ажлыг  мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулна. Оюутны бие бялдарыг хөгжүүлэх, байгалийн онцгой байдлын нөхцөлд бэлэн байлгах зорилгоор бакалаврын сургалтын хөтөлбөрт  “Биеийн тамир”, “Гамшгийн менежмент” хичээлийг  заавал үзэж судалдаг болно. “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, судалгаагаар манай оюутан залуусын хүмүүжил, төлөвшилд онцгой сайн нөлөө үзүүлж байгаа тул энэ хичээлийн жилээс хамрах хүрээг өргөтгөж, улам чанаржуулах ажлыг хэрэгжүүлэх болно. 

Бүх нийтийн насан туршдаа тасралтгүй суралцах эрхзүйн орчныг бүрдүүлж, хэрэгжилтийг хангахад төр, иргэний нийгмийн түншлэлийг ханган ажиллана.

Монгол Улс их дээд боловсролын тогтолцоог олон улсын нийтлэг жишгийн дагуу хөгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг бий болгох замаар томоохон их сургуулиудаа Азийн шилдэг сургуулиудын эгнээнд хүргэхийн төлөө өрсөлдөх чадвартай боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх болно. 

 Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан, залуус аа,

 Та бүхнээс “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн эцэг өвгөдийн сургаалийг байнга санаж, хичээл номдоо шамдан суралцаж, эрдэм мэдлэгийн шавхагдашгүй их далайгаас суралцах, үндэсний соёл, ёс суртахууны эрхэм нандин бүхнийг эзэмшихийн төлөө шамдахыг  хүсч байна.

Эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбар, нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, иргэд ээ,

Боловсрол нь нийгмийн сөрөг үзэгдлийг даван туулах гол хүч, эрх чөлөө, аз жаргалын мэдрэмж, тогтвортой амьжиргааны уг сурвалж гэдгийг монголын нийгэм, хүн бүрийн амьдрал нотлон харуулж, нийтээрээ хүлээн зөвшөөрөх боллоо. Иймээс боловсролын үйл хэрэгт бүх нийтээрээ тууштай оролцож сургуулийг хүний хөгжлийн төв болгох замаар боловсролоор дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахыг та бүхэнд уриалж байна. 

Эх орны маань хөгжил дэвшлийн шавхагдашгүй эх ундарга болсон хүүхэд залуусыг эрдэм боловсролд сургах ариун үйлсдээ их амжилт гаргаж, эх оронч сэтгэлтэй, элгэн нутгаа хөгжүүлэх чадвартай иргэн болгон хүмүүжүүлэх нь зөвхөн сургууль, багш нар төдийгүй бүхий л байгууллага, иргэдийн  журамт үүрэг мөн билээ. 

 Эцэг, эх Та бүхэн үр хүүхдийнхээ сайн найз, туслагч, зөвлөгч нь байж, хүүхдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, дэмжлэг үзүүлэх үйл хэрэгт ямагт цаг гаргаж, боловсролын байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

Хүн бүр үүргээ ухамсарлаж, боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоо хамтын хүчин зүтгэлээр хэрэгжүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулцгаая. 

Эрхэм баян-эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

 

                                       БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, 
            СПОРТЫН САЙД                                      Г.ЧУЛУУНБААТАР

 
2017-2018 оны   Хичээлийн жилийн зорилт

2017-2018 оны хичээлийн жилийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, сургалтын агуулга, арга зүйг суралцагчдад мэдлэгт суурилсан цогц чадамж эзэмшүүлэх чиглэлээр боловсронгуй болгох, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих, сургалтын орчныг    сайжруулах, их сургуулиудын судалгаа, шинжилгээний ажлын чадамжийг нэмэгдүүлэх замаар боловсролын чанарт бодиттой ахиц гаргахад чиглэгдэх болно. 

  • Тогтвортой хэрэгжих бодлогын чиглэлийг нарийвчилна. Өнгөрсөн хорь гаруй жилд боловсролын салбарт хийсэн шинэчлэл, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг шинжлэн дүгнэж, туршлага, сургамжид тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны удирдамжийн баримт бичгүүдийг цэгцлэн нэг мөр ойлгомжтой болгоно 
  • Багшийн хөгжилд суурилсан тогтолцооны шинэчлэл хийнэ. “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас” уриан дор багшийн хөгжлийг дэмжих, багш мэрэгжлийн үнэ хүнд, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд төр засгаас анхаарахын зэрэгцээ, эцэг эхчүүд, байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлж, 2018 оныг “багшийн жил” болгон зохион байгуулна.
  • Их сургуулиудын судалгааны чадамжийг бодитой нэмэгдүүлнэ. Дээд боловсролын байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, чадамжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын болон бусад арга хэмжээг авах. Багш нарын судалгаа хийх чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх.
  • Сургалтын чанарыг хүмүүжил, ёс суртахууны төлөвшилтэй нягт хослуулан сайжруулна. Суралцагчдын сурлагын чанарт анхаарахын зэрэгцээ тэдний хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг сайжруулах  энэ чиглэлээр сургалтын төлөвлөгөөнд зохих  өөрчлөлт оруулна  
  • Тодорхой эрх мэдлийг боловсролын байгууллага, хамт олонд шилжүүлж бие даан санаачлагатай ажиллах боломжийг өргөтгөнө. Сургууль, цэцэрлэгийн багтаамжийг цаашид нэмэгдүүлэх, сургалтын орчны ариун цэвэр, аюулгүй байдал, тав тухыг сайжруулах чиглэлээр санхүүд хөрөнгө оруулалтын  зохистой менежментийг хэрэгжүүлнэ.

 

Эх сурвалж: БСШУСЯ